"Охидын түүх" ТББ-аас өнөөдөр "Хүүхдийн хүчирхийлэлд цэг тавъя" уриатай мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хуралд "Охидын түүх" ТББ, Босоо хөх Монгол бүлгэм, Хохирогчдын холбоо, Аав, ээжүүдийн төлөөллүүд оролцлоо.

Мэдээллийн үеэр "Охидын түүх" ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Цэцэгсайхан "Сүүлийн үед манай улсад хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг хэрээс хэтэрч, хүмүүс айж, хүүхдүүд юунд итгэж найдахаа мэдэхгүй байна. Олон эцэг эх "охин хүүхдээ гадаа гаргамааргүй байна, хаана нуух вэ" гэдэгт санаа зовж байна. Би сүүлийн 2-3 жилд маш олон охин хүчирхийлэлд өртсөн, алга болсон талаар сонслоо. Ерөнхийлөгч, Засгийн газар энэ асуудалд анхаарал хандуулж, хөдөлж эхэллээ.

Бид охидын төлөө ажилладаг байгууллагын хувьд дараах 3 зүйлийг уриалж, шаардаж байна.

1. Хуулийг чангатгах ёстой. Тэр дундаа Эрүүгийн хуулийг чангатгах шаардлагатай. Тус хуулийн 12.5-д  18 нас хүрсэн хүн хохирогчийг 14 насанд хүрснийг мэдсэн ч бэлгийн харилцаанд орсон бол 540.000-5.400.000 төгрөгөөр торгоно, 6 сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэсэн байна. Өмнө нь бол 9-36 сая төгрөгөөр торгож, 3-5 жил хорих ялтай байсан. Эндээс харахад ялын хэмжээ хөнгөрсөн байна. Тиймээс холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, чангатгахыг шаардаж байна.

2. Хохирогчдын сэтгэл санааны нөхөн төлбөрийн асуудалд Монголд огт байхгүй. Хохирсон хүүхдүүд биед нь хохирол учирсан тохиолдолд шүүхээр тогтоогдсог тохиолдолд баримт цуглуулж нөхөн төлбөр авдаг. Хүчирхийлэгч шоронд орсон, нөхөн төлбөрийн чадваргүй үед биеийн эмчилгээний нөхөн төлбөрийг авч чаддаггүй. Үүнээс гадна хүүхдүүд сэтгэл санаагаар маш их унадаг. Доор хаяж 2-3 жилийн давтамжтайгаар сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлж байж хүүхдүүд тодорхой хэмжээнд сэтгэлийн шарх нь анидаг. Гэтэд манай улсад тийм зүйл байхгүй. Тиймээс сэтгэл санааны хохирлыг барагдуулах нөхөн төлбөрийг Төр өгөх ёстой гэж үзэж байна.

3. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг түлхүү хийх хэрэгтэй. Ямар нэгэнэ хэрэг гарсны дараа ярих биш, тийм хэрэг гарахаас өмнө урьдчилан сэргийлэх шаардлагатай. Үүнийг хийхдээ яах ёстой вэ гэхээр хүүхдүүдийг өөрсдийг нь оролцуулж хийх ёстой гэсэн шийдэлд хүрсэн. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 64.8 хувь нь найз нөхөддөө мэдээллээ хэлдэг, 34 хувь нь эцэг эхдээ, багш, нийгмийн ажилтанд 3-8 хувь нь ярьдаг гэсэн Хүний эрхийн үндэсний комиссын судалгаа байдаг. Тиймээс бид үе тэнгийн хүүхдүүдэд нь нөлөөлөх ажлуудыг эрчимтэй зохион байгуулах ёстой. Тиймээс бид улсын хэмжээнд буй 800 орчим сургууль, 21 аймаг, 9 дүүрэгт "Охидын зөвлөл" байгуулахаар болсон. Энэ ажил улсын хэмжээнд 62 хувьтай явж байна" хэмээн мэдэгдлээ.

Мэдээллийг дүрс бичлэгээр бүрэн эхээр нь хүргэж байна.