С.Гантогоо: 30-50 хүүхэд бүлэг үүсгэн дүүгээс минь гадна хүүхдүүдийг дарамталдаг байсныг илрүүлсэн

2018 онд манай улсын ЕБС-ийн 8461 сурагчийн дунд хийсэн сэтгэл зүйн судалгааны дүн анхаарал татаж байна.

Судалгаанд хамрагдсан нийт сурагчийн:

✖  54 хувь нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай,

✖ 35 хувь нь үе тэнгийн дарамт, заналхийлэл, сүрдүүлэгт ямар нэгэн байдлаар өртөж байсан гэсэн дүн гарчээ. 

Дээр дурдсан 54 хувь буюу 4568 сурагч гэр бүлийн асуудлаас болж сэтгэл зүйн дарамттай явдаг гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, тухайн сурагчдын эцэг эх хүүхдээ хоол тэжээлээр тэтгэхээс бусдаар анхаарал тавьдаггүй, тэдэнтэй ярилцдаггүй, сэтгэл зүйн эрүүл мэндэд нь анхаардаггүй гэсэн үг. 

Энэ мэтчилэн үл хайхрах хүчирхийллээс үүдэн хүүхэд сэтгэл зүйн гутрал, өөрчлөлттэй болж бусдад уруу татагдах, уур уцаартай болох зэрэг сөрөг үр дагавартай. 

Магадгүй өнөөдөр хүчирхийлэл үйлдэж байгаа сурагч өөрийн дутуугийн комплексоос болж бусдыг ч гэсэн ийм байх ёстой гэсэн сэтгэхүйг өөртөө хэдийн суулгадаг байх. 

Үе тэнгийн дарамт шахалт зөвхөн сургууль дээр бус цахим орчинд, гудамжинд гээд тухайн хүүхдийн бүхий л хүрээлэлд үйлдэгдэж байна. Энэ бүх үе тэнгийн дээрэлхэлт, үзэн ядалт, заналхийлэл, сүрдүүлэг, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл нь эргээд өсвөр насны хүүхдийн амиа хорлох шалтгааны 80 хувийг эзэлж байна. Манай улс өсвөр насны амиа хорлолтоор хүн амын тоонд харьцуулснаар дэлхийд гуравт жагсдаг. 

“Save the Children in Mongolia” ТББ-ийн 4-р сарын 11-нд онлайнаар зохион байгуулсан "Аав ээждээ хандаж хэлэх бидний үгс" хэлэлцүүлэгт гарсан онцлох кейсүүд:

147-р сургуулийн сурагч:

Үе тэнгийн ялгаварлан гадуурхалтад хүйсийн байдал ямар ч хамаагүй. Эцэг эхдээ хүүхэд хэлэх гэхээр намайг юу гээд бодчих бол гэж бодсондоо хэлдэггүй. Ингээд энэ асуудлаасаа өөрөө гарахдаа зөв арга замаа олж чадалгүй буруу хүмүүжилтэй хүүхдүүдтэй нийлж, архи тамхи хэрэглэж эхэлдэг. Яагаад сайн мэдээд байна гэхээр миний ойрын хүрээлэлд ийм жишээ гарсан учраас эцэг эхчүүдэд хүүхдэд гаргах анхаарал, халамжаа сайжруулаарай гэж хүсмээр байна. 

Өмнөговь аймагт суралцдаг сурагч О.Энхсувд:

Би нэгэн жишээ ярих гэсэн юм. Манай нөгөө ангийн охинд тохиолдсон явдал. Тэр охиныг бага ангид байхад гэрт нь гал гараад хоёр нялх дүүгээ галаас хамгаалахын тулд гал руу ороод нүүрнийх нь ихэнх хэсэг түлэгдчихсэн. Анги дэвших тусам хүүхдүүд түүнийг үрчгэр нүүрт, сургуулийн нэр гутаагч зэргээр шоолж, гадуурхаж эхэлсэн. Ихэнх хүүхдүүд түүнийг ийм баатарлаг зүйл хийснийг нь мэдэлгүй ийм муухай үйлдэл гаргадаг. Би сургуулийнхаа өсвөр насны зөвлөх багийн гишүүний хувиар тэр охинтой биечилж ярилцах боломж олдсон юм. Түүний ярианаас зөвхөн сургуулийн хүрээнд ч бус заримдаа ээж нь хүртэл уурлахаараа охиныгоо сул талаар нь элдвээр хэлдэг гэсэн. Хүүхэд гэдэг таны толь учраас цаг заваа гаргаж, хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцахыг хүсч байна. 

Энэ сэдвээр Дуучин С.Гантогоотой ярилцлаа.


С.Гантогоо: Дүүгээ хоёр жилийн турш дарамтад байсныг нь мэдээд үнэхээр цочролд орсон

Тэрбээр Солонгос улсад 13 жил ажиллаж, амьдарч байгаад эх нутагтаа ирээд дөрвөн жил болж байна. Энэ хугацаандаа урлагийн карьертаа түлхүү анхаарч ажилласан тэрбээр дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын талаар ярилцлага өглөө.

Уншигчид маань миний дүүд тохиолдсон явдлын талаар мэдэж гадарлаж байгаа байх. Гэсэн хэдий ч хэргийн талаар товчхон ярья. Манай дүү үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадууралтад бүтэн хоёр жилийн турш өртөж байсныг мэдээд шокноосоо ч гараагүй явна. Ахлах ангид сурдаг, бусдад үлгэр жишээ болсон дүү маань хоёр жилийн турш ангийнхаа хүүхдэд дээрэлхүүлж, зодуулж, заналхийлүүлж, мөнгө төгрөг байнга өгч, сэтгэл санааны гүн хямралд орсон байна. 

Тухайн хүүхэд ганцаараа ч бус мафажсан буюу 30-50 хүүхдүүд бүлэг үүсгэн дүүгээс минь гадна бусад үе тэнгийнхээ хүүхдүүдийг хохироодог байж. Ингээд сургуулийн удирдлагуудтай уулзан хохирогч болсон сурагчдын эцэг эх, асран хамгаалагч нарын хамт цагдаад хэрэг үүсгүүлэн шалгаж байна. 

Манай гэрийнхэн дүүдээ гэр бүлийн анхаарал халамж сайн тавьдаг, хараа хяналттай гэж боддог байсан ч энэ хэргийг мэдээгүй ингэж даамжирсанд үнэхээр өөрсдийгөө буруутгаж, харамсаж сууна. Энэ хэргийг сошиал орчинд түгээж, хэвлэл мэдээллийн байгууллагад хандалгүй өнгөрөөж болох ч дахин нэг ч хүүхдэд ийм явдал бүү тохиолдоосой гэсэндээ өөрийнхөө хэмжээнд чадах бүхнээ хийхээр шийдсэн. 

Дүү маань үеийнхээ хүүхдүүд дунд бие бялдрын хувьд өндөр, хөгжил сайтай ч бүлэг хүүхдүүдийн дарамтад орсон учир яаж ч чадалгүй ийм урт хугацааг туулсан байна. 

Гэрийнхнээсээ намайг бокс, каратэгийн дугуйланд явуулаад өгөөч гэж гуйн эдгээр дугуйланд явж байсан нь өөрийгөө л хамгаалах гэсэн зорилго байж. Үүнийг нь бодохоор зүрх эмтрэх шиг болж байна. 

Анх ээждээ тэдгээр бүлгийн хүүхдүүдээс бэртэл, гэмтэл авах өндөр магадлалтай болсон тул энэ тухайгаа хэлсэн байгаа юм. Саяхан цагдаад мэдүүлэг өгч байхдаа дүү маань “Коронавирус гарч хэсэг хугацаанд ч гэсэн чөлөөтэй байх боломжтой болсон” гэж хэлсэн. Ингээд бодохоор та энэ нийгэмд хэчнээн сайн хүмүүжилтэй хүүхэд бэлтгэсэн ч таны хүүхдийг аймшигтай хүн болгож хувиргаж чадах ийм л нийгэмд бид амьдарч байна. 

Хүчирхийлэл үйлдэхэд хувийн, улсын, аймаг хөдөөний аль ч сургууль ямар ч хамаагүй юм байна. Манай нийгмийн боловсролын бүх шатны байгууллагад байдаг аюулын харанга мэт үзэгдэл болчихсон гэдгийг л сайн мэдэж авлаа. 

Манайд ганц хоёр л ТББ-ууд хүүхдийн эрх, үе тэнгийн ялгаварлан гадуурхалтын талаар дорвитой ажил хийж байна. Үүн дээр боловсролын байгууллага, яамд анхаарал хандуулахгүй байгаад сэтгэл эмзэглэдэг. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж зүйр байдаг. Бид ирээдүйн Монгол орныг бүтээх хүүхдүүддээ анхаарал хандуулах хэрэгтэй байна. 

Хүүхдийн хүмүүжил, боловсролд анхаарсан ажлуудыг урлагийн хүний үүднээс тогтмол хийж, оролцмоор байна. 

Соёлын яам болон бусад урлаг, соёлын ажилтнуудаа ч гэсэн уриалъя. 

Өсвөр насны бүх хүүхэд фэйсбүүк, инстаграм, сошиал орчныг бүрэн утгаар нь ашиглаж байна. Үүн дээр насны ангилал, цензур заавал зааж өгөх хэрэгтэй. Өнөөдөр ямар дуу хит болж байна гэхээр хараал хэлсэн, хагас нүцгэн охид бүсгүйчүүд клипэнд нь тоглосон ийм л дуу хит болж байна. Тиймээс Соёлын яам ч гэсэн урлаг соёлоор дамжуулан хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх ажилд нухацтай хандах цаг болсон. Хүүхдүүд хооронд бичсэн чат, явуулсан зураг хөргийг нь хараад үнэхээр шоконд орсон.

Солонгост л гэхэд ердөө арван жилийн өмнө үе тэнгийн ялгаварлан гадуурхалт асар өндөр байсан. Ингээд хуулиндаа өөрчлөлт оруулснаар жишээ нь улс төр, урлаг соёл, спортын алдартнууд нь хэрэв арван жилдээ ийм хүчирхийлэл үйлддэг байсан бол бүх карьер нь дуусдаг нийгэм болсон.

Иймээс зөвхөн өнөөдрийн шийтгэлээр энэ бүхэн шийдэгдэхгүй. Чиний ирээдүйн амьдралд өөрчлөх боломжгүй хар толбо үлдээнэ шүү гэдгийг өсвөр насны хүүхдүүддээ захиж хэлмээр байна. 

Эцэст нь хэлэхэд, хүүхдэдээ загнаж уурлахаас илүү төлөвшиж буй бие хүнтэй ярилцаж буй гэдгээ ухаарч ойлгохыг хүсч байна. Зөв хүмүүжил, төлөвшилтэй болон өсч буй хүүхэд аяндаа энэ нийгмийг зөвөөр цогцлоон бүтээнэ. Тиймээс анхдагч эд эс болох гэр бүлийн суурь хүмүүжлийг л хүүхдэдээ суулгаж өгөхийг нийт эцэг эхчүүдээсээ хүсэж мөн захимаар байна.


Энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг Хүчирхийлэл үйлдсэн л бол карьер нь шууд дуусдаг Солонгос жишиг уншаарай.


Сэтгэгдэл бичих (7)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.