Сүүлийн үеийн хүүхдүүдийн хөдөлгөөн багасч таргалж байгааг бараг хүн бүр мэднэ. Харин эдгээр электрон төхөөрөмж хүүхдийн тань хараанд хэрхэн нөлөөлж байгааг та судалж үзсэн үү. Apple компани гэхэд л iPhone гар утаснуудаа бүгдийг нь 2007 оноос хойш гаргасан болохоор энэ талын судалгаа тийм ч их биш. Гэхдээ хийгдсэн байгаа бүх судалгаа электрон төхөөрөмж хараанд муу гэдгийг дуу нэгтэйгээр хэлж буй. Эрдэмтэд улмаар хүүхдийнхээ харааг хамгаалахын тулд гадаа аль болох удаан тоглуулах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрснийг BBC агентлаг дамжууллаа. 

Электрон төхөөрөмжийн хоруу нөлөө хүүхдийн холын харааг муутгаж, таргалуулахаар хязгаарлагдахгүй. Дэлгэцийн цэнхэр туяа гээч ухаалаг гар утаснаас ялгарда туяаг удаан харахад нүдний эвэрлэг бүрхэвчид эрт үеийн өөрчлөлт ордог. Улмаар өнгө ялгахаа больдог ажээ. Одоо АНУ-д гэхэд л цэцэрлэгийн насны 12 хүүхэд тутмын найм нь харааны шил зүүх шаардлагатай хэмжээнд очжээ. Техник, технологи хөгжиж, ухаалаг гар утасны хэрэглээ нэмэгдсэн аль ч орноос мөн адил дүн хүлээхэд хол зөрөхгүй л болов уу.

Хүн ердийн үед нэг минутад 15-20 удаа нүдээ анивчиж шаардлагатай тос, чийгээ нөхдөг. Харин ном унших, утас ширтэх, зурагт үзэхэд 3-8 удаа л анивчдаг нь ердийнхөөс 60 хувиар бага үзүүлэлт юм. Энэ нь нүд хуурайшиж, загатнах шалтгаан болно. Нүд бол булчинлаг эрхтэн. Тиймээс дасгал хийлгүй удахад булчин сулардаг шиг нүдний хараа ч мууддаг. 

Гэхдээ хараа муудах нь төрөлхийн, ослын, өвчний зэрэг олон хүчин зүйлээс хамааралтайг мартаж болохгүй. Японы хараа зүйн эмнэлгийн монгол эмч “Сүүлийн үед хүмүүс алсын бараа ширтэх нь багассан. Ном уншина, зурагт үзнэ, компьютерын урд олон цагаар сууна. Эдгээр нь бүгд ойрын зайд байрлах зүйл. Хотын амьдралын хэв маяг ч үүнд хамаатай” гэв. 

Энэ талаар “Орбита” эмнэлгийн ерөнхий эмч С.Удвал “Одоо цагт ээж, аав нар гурван настай хүүхдийнхээ уйлахаас нь айж гар утас өгдөг болжээ. Энэ бол байж болшгүй зүйл. Хүүхэд 16, 17 нас хүрч ахуйн хэрэглээнд зайлшгүй шаардлагатай гэсэн үед нь л гар утас өгөх нь зүйтэй гэж би зөвлөдөг. Харин тэр үед туяаны хамгаалалттай шил зүүх хэрэгтэй” гэлээ.

ICARE эмнэлгийн ахлах зөвлөх, хүүхдийн нүд судлалын доктор Гита Сринивазан “Энэ трэнд үнэхээр аюултай. Дөнгөж гурван настай хүүхдүүд гар утсаар бичлэг, кино үзсэнээс болоод нүд нь өвчлөн, эмчлүүлэх болсон. Зарим нь утас өгөхөөс нааш тогтож сууж, хоолоо иддэггүй гэж эцэг, эхчүүд учирладаг” гэв. 

Барууны болон нүдний эмчилгээгээр тэргүүлдэг Энэтхэг улсын хараа зүйн мэргэжилтнүүд ухаалаг гар утас, таблетаар тоглодог, хүүхэлдэй үздэг хүүхдүүд эмчлэх аргагүйгээр нүдээ гэмтээх эрсдэлтэй байгааг сэрэмжлүүллээ. 

Цэнхэр туяанаас үүдэлтэй эмгэгийн шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа. Дашрамд дурдахад, цэнхэр туяа мелатониныг хүчтэй дарангуйлдаг аж. Энэ нь унтах, сэрэх циклийг зохицуулдаг гормон юм. Сүүлийн үед хүүхдүүд унтахын өмнө гар утсаар хүүхэлдэй үзэх болсон. Гэтэл хүн унтахаас өмнө гар утасны дэлгэц ширтэхэд гүн нойронд автахаа больдгийг судалгаагаар тогтоогоод буй. Гэтэл хүүхэд өдрийн турш идэвхтэй байхын тулд өдөр бүр найман цаг тайван унтах ёстой байдаг байна.