Архидан согтуурч буй арга хэмжээнд хүүхдүүд урлагийн үзүүлбэр үзүүлэхийг хориглолоо

Peak.mn
10 сарын 19, 2025

Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журмын төслийг хэлэлцүүллээ. Учир нь уран нугараач, дуучин, бүжигчин хүүхдүүдийг олон нийтийн газарт олон цагаар ажиллуулах, оройн цагаар үзүүлбэр хийлгэх гэх мэтээр хүүхдийн эрхийг хөндсөн тохиолдлууд гардаг.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт /2025.10.17/-нд “Соёл, спортын ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам”-ыг шинэчлэн боловсруулан Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын Улсын хороо, Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, соёл, спортын мэргэжлийн холбоодыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэгт Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах журмыг соёл, биеийн тамир, спортын болон хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран баталж, мөрдүүлнэ гэж заасан. 

Тус журмын төсөл нь соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, тэдний эрхийг хамгаалах, эцэг эх, асран хамгаалагч, соёл, спорт, боловсрол, сургалтын  байгууллагын үүргийг оновчтой тодорхойлжээ. Тухайлбал

✔бүх төрлийн уралдаан, тэмцээнд оролцоход тээвэрлэхдээ аюулгүй байдлыг хангах, 

✔хүүхдийн эрх ашгийг хамгаалах, эрсдэлгүй орон байраар хангах, 

✔хичээл сургалтыг завсардуулахгүй, 

✔шөнийн цагаар бэлтгэл, сургуулилалт хийлгэхгүй, 

✔архидан согтуурч буй арга хэмжээнд урлагийн үзүүлбэр үзүүлэхгүй, 

✔бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх,

✔хүүхдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй байх, 

✔хамгаалах зэрэг өргөн агуулга, цар хүрээтэй юм.

Хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэдээс ирсэн саналыг журмын төсөлд тусгах юм байна.

Холбоотой сэдвүүд

хүүхэд хүүхэдхамгаалал

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.