Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлын хүрээнд төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа. /Энд дарж дэлгэрэнгүйг уншина уу/

Уулзалтын үеэр ЦЕГ-ын гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг "ЦЕГ сургалт, хүмүүжлийн болон хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа. Сургуулийн орчинд хүүхдийг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Бид 2017 онд сургуулийн орчимд 400 орчим өсвөрийн сэргийлэгч бүлгэм байгуулсан. Энэ жил 200 гаруйг нэмж, 650 өсвөрийн сэргийлэгч бүлгэм байгуулагдан ажиллаж байна.Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр төсөл боловсруулж, зардал нь шийдэгдсэн. 

Хууль сахиулахын байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадуудыг сурагчдын сургууль-гэр-сургууль гэсэн маршрутаар зорчих замын аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллуулах, ажиллах хүмүүсийг судалж байгаа. Энэ төслийг тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ гэж тооцож байгаа.

Ерөнхийлөгчөөс өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын 153 хорооны хүүхдийн ирэх, буцах замын аюулгүй байдлыг хангах зорилгоор 700 орчим цэг бүртгэсэн. Эдгээр замд иргэд олон нийтийн дэмжлэгээр, хуулийн байгууллагаас тэтгэвэртээ гарсан ахмад ажилчид буюу 6000 хүний судалгааг гаргасан. Тэдгээрээс 800 орчим хүнийг аюулгүй байдал хангах чиглэлээр ажиллуулна. Тэдгээр хүмүүс 350 мянган төгрөгөөр гэрээ хийж дээрх ажлыг хийх эсэхийг мөн судалж байгаа" хэмээлээ.