Цагдаагийн ерөнхий газраас жолооч нарын ухамсар, хандлага, соёлыг өөрчлөх “ЯАРААД ЯАХ ВЭ“ аяныг эхлүүлж буй талаар өчигдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг "Жолооч нарын ухамсар, хандлага, соёлыг өөрчлөх "Яараад яах вэ" аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Учир нь дийлэнх осол жолоочийн буруутай үйлдлийн улмаас гардаг. Жолоочийн ухамсар, хандлага, соёлыг өөрчлөх шаардлага байна. Гаднын орнуудад жолоочийн, зорчигчийн, явган хүний замын хөдөлгөөнд оролцох соёл их өндөр. Гэтэл манайд хүн машин хоёр мөргөлдөж байгаа нь харамсалтай. Жилд 500 хүн зам дээр нас барж байгаа нь их ноцтой тоо" гэв.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат "Орон нутгийн зам дээрх ослыг бууруулахын тулд хурд сааруулагч байрлуулна, Мобиком, Таван богд, Оюутолгой, Шунхлай гэх мэт байгууллагууд энэ аянд хамтран ажиллахаар болсон. Ер нь бид хурдан явж ирсэн үү гэж асуухын оронд сайн явж ирсэн үү гэж жолооч нараасаа асуудаг байя. Хурдыг үхэл л отож байдаг юм шүү гэдгийг анхааруулсан тараах материалуудыг наана" хэмээлээ.

Судалгаанаас үзэхэд орон нутгийн зам дээрх нийт ослын 70 хувь нь зуны гурван сард гардаг. Иймд энэ хугацаанд илүү олон алба хаагчийг татан ажиллуулах юм байна. Мөн хөдөлгөөнт эргүүл ажиллах тул орон нутгийн замын тодорхой цэгүүдэд л хяналтын цэг байрлана гэж жолооч нар ойлгон, тайвширч болохгүйг анхаарууллаа. Хурд хэтрүүлдэг, хүүхдээ буруу тээвэрлэдэг үзэгдэл байсаар байгаа тул хөдөлгөөнт эргүүл ажиллуулах аж.

Урин дулаан цаг болоход нийслэлээс хөдөөг зорих замын хөдөлгөөн эрс идэвхждэг. Мөн орон нутгийн зам дээр гардаг ослын тоо ч өсдөг. Иймд Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба хамтран ажиллахаар болжээ.

Өнгөрсөн зун 188 цэгт 24 цагийн турш хяналт тавьснаар өнгөрсөн онд осол, гэмт хэрэг буурсан байна. 2018 онд 81 мянган дуудлага хүлээн авснаас зөрчилд холбогдсон иргэдийн 75 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл унаж явжээ. Иймд эдгээр тээврийн хэрэгслийг урт хугацаанд замын хөдөлгөөнөөс хасах саналыг хууль боловсруулагчдад хүргүүлсэн юм.

Осолд өртсөн нийт авто машины 11 хувь нь өндөр насжилттай тээврийн хэрэгсэлтэй байсан нь осол гарахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс