УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн өчигдөр БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ийн үнэлгээний багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар УИХ-ын Тамгын газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн хамтарсан “Цахим парламент” төслийн хэрэгжилттэй танилцаж, санал бодлоо солилцсон юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны болон Байнгын хороодын хуралдааны танхимуудыг программ хангамж, дуу, дүрсний системээр шинэчлэн тоноглосноор хуралдаанаар хэлэлцэж буй асуудлыг олон нийтэд нээлттэй, шуурхай хүргэх, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад томоохон дэвшил гарсныг УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга П.Цэрэн онцоллоо.

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал цаашид хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх үйл явцад программ хангамж ашиглах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад БНСУ-ын Хууль зүйн судалгааны хүрээлэнгийн орлогч дарга Ү Дун Ван, тус хүрээлэнгийн судлаачдын зөвлөлийн гишүүн Пак Гуан Дун, УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ц.Борхүү нарын зэрэг хүмүүс байлцав.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс