Монголын үндэсний, худалдаа аж үйлдвэрийн танхим 3500 гаруй аж ахуйн нэгжээс хатуу хөл хорио бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаар цахимаар судалгаа  авчээ. 

Энэхүү судалгаанд худалдаа, үйлчилгээ, барилга, боловсруулах үйлдвэрлэл, боловсрол, уул уурхай, аялал жуулчлал, тээвэр, мэдээллийн технологи зэрэг салбар хамрагдсан байна. Борлуулалтын орлогоор нь ангилж үзвэл судалгаанд оролцогсдын 41 хувийг 100 сая төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгж эзэлж байсан бол таван тэрбум төгрөгөөс дээш орлоготой нь есөн хувийг бүрдүүлжээ. Ажиллагсдын тоогоор гэвэл 54 хувь нь 19 хүртэлх ажилтантай бол 13 хувь нь хувиараа бизнес эрхлэгч байна. Ковид 19 цар тахлын халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ бүхий л салбарт 90 хүртэлх хувиар нөлөөлжээ. Тухайлбал, үйлчилгээ, худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, тээвэр, барилга тэргүүтэй эдийн засгийн голлох суурь салбарт хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн байна. 

Монгол Улсын хэмжээнд хувийн хэвшил ердийн үед нэг сая гаруй ажлын бий болгож, төсвийн орлогыг бүрдүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн том ажил олгогч. Хөл хорионы үед хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийсэн бол 13 хувь нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд өөрийн нөөцөөр ажлын байраа хэдий хугацаанд хадгалах боломжтойг уг судалгаагаар дамжуулан авчээ. Судалгааны үр дүнгээс харахад 53 хувь нь нэг сар буюу 30 хоног л амьдрах боломжтой гэж хариулсан байна. Хатуу хөл хорио тогтоосон цагаас хойш аль хэдийн 14 хоног өнгөрсөн. Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжийн 31 хувь нь өөрийн нөөцөөр 1-3 сар тэсэх, үүнээс цааш тэсэх боломжгүй гэсэн байна. 

Хамгийн их анхаарал татсан үзүүлэлт бол ажлын байр байлаа.  Энэ сарын 12-ны өдрөөс хойш 152 мянгаар ажлын байр хорогджээ. Өөрөөр хэлбэл, 150 мянган хүний ажлын байрны асуудал энд яригдаж байгаа юм. Хөл хориог он дуустал үргэлжлүүлэх бол нэмж 430 орчим мянган ажлын байр үгүй болохоор байгааг МҮХАҮТ-ын судалгаанд дурдсан байна. Мөн хувиараа бизнес эрхлэгчдийн 74 хувь нь цалин олгохгүй байгаа гэж судалгаанд хариулжээ. Аж ахуйн нэгжүүдийн бэлэн мөнгөний нөөцийг хүрэлцээтэй хугацааг энэхүү судалгаагаар тодорхойлсон байна. Үүнээс харахад, хувийн хэвшлийн 63 хувь нь нэг сарын нөөцтэй гэжээ. Хувиараа бизнес эрхлэгчдийн 67 хувь нь 50 хүртэлх сая төгрөгийн зээлтэй байна. 

Аж ахуйн нэгжүүдэдажлын байраа хадгалах, ажилтны цалин тавих, зээлийн эргэн төлөлт, түрээсийн төлбөр, төрөөс гаргаж буй шийдвэрийн ойлгомжгүй, уялдаа холбоогүй байдал бизнест үүсээд буй гол хүндрэл болж байгааг судалгаанд тодотгожээ. Тодруулбал, хувиараа бизнес эрхлэгчдийн 67 хувь нь зээлийн эргэн төлөлт хийж чадахгүй байгаа бол 61 хувь нь түрээсийн төлбөр хийхэд хүндрэлтэй гэж хариулсан байна. Хатуу хөл хорионы өмнө аж ахуйн нэгжүүд өвдөг сөхөрч байгааг дээрх судалгаа илтгэх аж. Өөрөөр хэлбэл, бизнесийн орчин өдөр ирэх тусам улам дордсоор байна.