Магадгүй та үнэт цаасны зах зээлийг сонирхож байгаа бол заавал доорх өгүүлбэрийг анхааран уншаарай. Учир нь энэ өгүүлбэр хувьцаатай холбоотой бүх эрх үүрэг багтсан байгаа юм.

Хувьцаа гэдэг бол ямар нэгэн компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувьцаа эзэмшигчдын хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компани татан буулгасны дараа ч эд хөрөнгийг нь худалдан борлуулсан орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ.

Хамгийн энгийнээр бол энэ бол таны хөрөнгө. Яг унаж яваа машин, амьдардаг байр орон сууцны ижил таны данслагдсан хөрөнгө юм. Та аль ч компанийн хувьцаа худалдан авсан байлаа ч түүний тодорхой хувийг эзэмшигч болж байгаа хэрэг. 

Тэгвэл хувьцаа эзэмших нь ямар давуу талтай вэ гэдгийг хүн бүр сонирхдогМэдээж давуу тал гэдэг үгийн цаана хэр их ашиг өгөөжөө өгөх вэ гэдэг нь хүн бүрт сонин байх нь ч зүйн хэрэг. Хувьцааг хүссэн үедээ худалдан авч зарж болно, тухайн компани томрохын хэрээр оруулсан хөрөнгө тань өсөн нэмэгдэнэ. Хувьцаагаар ашиг олж баяжигсад цаашлаад дэлхийн тэрбумтан болсон хүмүүс цөөнгүй. Гэхдээ энэ нь ямар ч эрсдэлгүй гэсэн үг биш. Учир нь хувьцааны ханшаас хамаарч ашиг нь өсч буурч байдаг гэдгийг тооцоолох ёстой. Магадгүй танд гэнэтийн мөнгөний хэрэг гарахад худалдан авсан хувьцааны тань ханш буучихсан ч байж болно. Тиймээс хувьцаагаа сонгохдоо сонголтоо зөв хийх нь хамгаас чухал. 

Хувьцаа хаанаас худалдан авдаг вэ?

Хэрэв та хувьцаа худалдан авахаар сонирхож байгаа бол Монголын Хөрөнгийн бирж дээр очоорой. Энд та үнэт цаасны зах зээл дээр арилжаалагдаж буй хувьцаанаас сонгон худалдан авч болно. Ингэж арилжаанд орохын тулд эхлээд брокер дилерийн компанид данс нээлгэх ёстой. 

Сонирхуулахад “Эрдэнэс таван толгой”-н хувьцаагаа бүртгүүлэх гэж очсон цөөнгүй хүмүүс өөрийн нэр дээр цэнхэр ягаан тасалбар болон аль нэгэн компанийн хувьцаа эзэмшигч гэдгээ мэдэж гэнэт их хэмжээний мөнгөтэй болсон байдаг билээ. Энэ нь зах зээлийн шуурганаар төдийлэн үнэ цэнийг нь мэдэлгүй өнгөрсөн хувьцаа юм. Магадгүй танд ч гэсэн их хэмжээний мөнгөтэй данс байдаг ч юм билүү.

https://net.schcd.mn/registration/ энэ холбоосоор орж "Эрдэнэс тавантолгой" ХК -ийн хувьцаа эзэмшигч болсноо шалгаж болно. Одоогоор биржид бүртгэлтэй 300 гаруй компани байдаг бөгөөд өдөрт 50-60 компанийн хувьцаа арилжиж байна. 

Өчигдрийн байдлаар хамгийн их хувьцаагаа арилжсан компанийн нэг ширхэг хувьцааны үнэ:

1.АПУ-612 төгрөг

2.Говь-23,400 төгрөг

3.Махимпекс-3239 төгрөг

4.Монгол шуудан-590 төгрөг

5.Дархан нэхий-22020 төгрөг

6.Сүү-224 төгрөг

7.Талх чихэр-23200 төгрөг

8.Таван толгой- 9150 төгрөг