Хувьцаа эзэмшигчдийн хурал ямар байх ёстой вэ?

Хувьцаа гаргахаасаа өмнө өдөр шөнөгүй рекламддаг ч, төлөвлөсөн мөнгөө босгочихоороо таг чиг болдог, хаалттай хаалганы цаана шийдвэр гаргадаг компаниуд олон. Уг нь хувьцаа эзэмшигчидтэйгээ ил тод, нээлттэй байх нь хувьцаат компаниудын засаглалын үндсэн зарчим нь. СЗХ, МХБ-ээс журмынхаа дагуу жил бүр хувьцаа эзэмшигчдийн хурлаа нээлттэй хийж, тайлангаа тавихыг шаарддаг. Гэвч манай зарим хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарласан төдий болж, жижиг хувьцаа эзэмшигчдийн оролцоог үл тоосоор л... Хэрэв энэ хандлагаа орхихгүй бол сүүлийн хоёр жилд дөнгөж сэргэж байгаа иргэдийн итгэлийг бөхөөх, цаашлаад энэ салбарыг унагаах ч аюултай. Угаасаа 20 гаруй жил идэвхгүй, унтаа явж ирсэн Монголын хөрөнгийн зах зээлийн хүлээс нь ч энэ  билээ. Эдгээр эргэх холбоогүй, компанийн засаглал сул компаниудын нэрийг цохон хэлж болох ч энэ удаа азная.


Авууштай сайн мэдээ нь хуучинсаг сэтгэлгээ халагдаж, хувьцаат компаниуд сайн засаглалын салхи сэвэлзүүлж эхэлжээ. Итгэл дээр тогтдог хөрөнгийн зах зээл дээр хэрхэн ирээдүйтэй тоглогч байхыг том зургаар нь харж чаддаг, компанийн засаглалаар хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалж чаддаг, хуралдаа ач холбогдол өгдөг хариуцлагатай компаниуд гарч ирж байна. Ялангуяа шинээр IPO хийж байгаа компаниуд энэ тал дээр илүү нягт нямбай хариуцлагатай хандаж байгаа нь илт анзаарагддаг. 

Тэднийг тэргүүлж байгаа компаниуд бол өнгөрсөн амралтын өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийсэн Ард Санхүүгийн Нэгдлийнхэн юм. 

Ард Санхүүгийн Нэгдэл нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар өөрийн хувь нийлүүлэгчдийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани гэдгийг хэлэх нь илүүц болов уу. 

Энэ өдөр Ард Санхүүгийн Нэгдлээс гадна тус компанийн бүрэлдэхүүнд багтдаг Ард Даатгал, Жинст-Увс, Ард Кредит ББСБ-ын хувьцаа эзэмшигчдийн хурал болж оны санхүүгийн тайланг хэлэлцэж, цаашдын үйл ажиллагааны бодлого чиглэлээ танилцууллаа.

Хувьцаа эзэмшигч нараа идэвхтэй хуралдаа хамруулахын тулд хурлын зараа төрөл бүрийн сувгаар тогтмол түгээж, хойноос нь утасдаж, сануулж байв. Мөн хүүхэд харах хүнгүйдэж арга хэмжээнд оролцож амждаггүй хүмүүсийг ч мартсангүй. Хүүхдээ дагуулж ирээд, тоглоомын төвд тоглуулангаа хуралдаа санаа амар суух боломжийг ч хангажээ.

Мөн хурлын танхимын гадна харилцагч компаниудын үзэсгэлэн худалдаа гарч, нэмж хувьцаа авах боломжоор ханган, хөрөнгийн зах зээлтэй холбоотой асуултад хариулт, мэдээлэл өгч байсан нь очсон хувьцаа эзэмшигчдэд ч давхар боломж олгож байв. Мөн тус хурлаар компаниудын ТУЗ-ийн гишүүд нь ирж тайлангаа тавьсан нь аль ч хувьцаат компаниудын хуралд харагдаад байдаггүй шинэ жишгийг тогтоосон юм.

Хэдхэн жилийн өмнө иргэд хувьцаа эзэмшигчдийн хуралд ирэхдээ ногдол ашиг өгөх эсэхийг л сонирхдог, хувьцаа авангуутаа мөнгөжих юм шиг төсөөлдөг байсан нь үнэн. Харин энэ хандлага өөрчлөгдөж, илүү их мэдлэг мэдээлэлтэй болсон нь анзаарагдана. Тэд богино хугацаанд ашиг хийгээд гарахаас илүү ирээдүйд өгөх өгөөжийг нь хардаг, тухайн компанийг ямар хүмүүс удирдаж байгааг нь хардаг болжээ. Ардын хувьцаа эзэмшигчид хөрөнгө оруулсан банк санхүүгийн байгууллагынхаа эзэн нь ч, хэрэглэгч нь ч гэдгээ ухамсарлаж буй нь харагдаж байв. Тэдний дунд мэргэжлийн хөрөнгө оруулагчаас ч дутахааргүй асуулт тавьж байгаа хүмүүс ч цөөнгүй харагдсан. 

Иргэд мөнгөө зөвхөн банканд хадгалуулах биш хөрөнгө оруулалтын өөр хэлбэрүүд байдгийг ойлгодог болсон нь олзуурхууштай. Ингэж хөрөнгийн зах зээл нааштай хөгжиж, зах зээлдээ баттай байр сууриа олоход компанийн сайн засаглал л чухал. Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигчдийн хувьд сонгосон ТУЗ, хараат бус гишүүд  нь үүргээ биелүүлж, хувьцаа эзэмшигч нараа мэдээллээр хангадаг учраас л итгэлцэл нэмэгдэж хөрөнгийн зах зээлд өөрийн хэрэглэгчээ татаж чаджээ.

Энэ өдөр хүрэлцэн ирсэн СЗХ, МХБ-ийн төлөөлөгч нар ч гэсэн хувьцаат компаниудад жишиг болохооо арга хэмжээг зохион байгуулж, хөрөнгийн зах зээлийн сэргэлтийг түүчээлж байгааг онцолсон юм.

Өнгөрсөн жил гэхэд Ард Санхүүгийн Нэгдэл 6 компанид шинээр хөрөнгө оруулж 7.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Ард Кредит IPO хийснээс хойш Ард Апп-д суурилсан шинэ бүтээгдэхүүн болох Fast Cash нь 12 мянган зээлдэгчтэй болж, 4.7 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Мөн  ББСБ-ынхаа дунд хамгийн бага хүүтэй зээлийг олгож байгаагаар ялгардаг.

Монголын санхүүгийн зах зээлд анхдагч болж бүхий л санхүүгийн үйлчилгээг багтаасан Ард Апп-ыг гаргасан нь асар богино хугацаанд 120 мянга орчим хэрэглэгчтэй болсон байна. Санхүүгийн програмынх ард Монгол Улсын банк санхүүгийн салбарт мэдээллийн технологийн хөгжлийг тодорхойлогч, 20 жилийн түүхтэй ГрэйпСити Монгол компани ажиллаж буй.

Өнгөрсөн намар IPO хийсэн Ард Даатгал хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй даатгалын компани болсон бөгөөд 2018 онд 13 тэрбум төгрөгийн хураамжийн орлоготой, 1.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, цэвэр ашгийнхаа 50 хувийг хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг хэлбэрээр тараах шийдвэр гаргасан байна. Ард Санхүүгийн Нэгдэл цаашид бүс нутагтаа шилдэг финтек компани болох том амбицтай яваагаа хувьцаа эзэмшигч нартаа дуулгалаа. 


Сэтгэгдэл бичих (5)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.