Хөрөнгийн зах зээл он гарснаас хойш илт идэвхжиж байна. Тэр дундаа "Ард"-аар овоглосон хувьцаанууд огцом өсөж буй. Үүний цаад шалтгаан болон эрсдэл давуу талын талаар Ард Санхүүгийн Нэгдэл (Ард)-ийн Хөрөнгө Оруулалт Хариуцсан Захирал Э.Амарбаясгалангаас тодрууллаа


-Сүүлийн үед хөрөнгийн зах зээл дээр “Ард”-аар овоглосон хувьцааны өсөлт эрс нэмэгдсэн. Зарим шинжээчид хөөс гэж ч ярьж байна. Өсөлтийн шалтгааныг тайлбарлахгүй юу?

-Хувьцааны үнэ эрэлт нийлүүлэлт дээр тогтдог.  Эрэлт их байвал хувьцаа өсөөд л байдаг зарчимтай. Зарах хувьцаа ихэсвэл ханш нь унадаг. Яг одоогийн байдлаар “Ард”-ын хувьцааг авах хүний тоо хэд дахин өсчихсөн учраас уралдаж аваад байна. 

Хоёр хүн үнэ тохирч юм зараад үнэлгээгээ тогтоодог зах зээлийн л зарчим явагдаж байгаа хэрэг. 

Өсөлтөд нөлөөлсөн хэд хэдэн зүйл байна. Тухайлбал “Аpprentice Мongolia” шоуны дараа иргэдийн хувьцааны талаарх ойлголт эрс сайжирсан, бүтээгдэхүүн үйлчилгээг ч ойлгож эхэлсэн нь үнэн. Мөн “Ард” апп-д өмнө нь DAX /Digital Assets Exchange/ нэртэй биржийн шинэ үйлчилгээ ашиглалтад орсонтой холбоотой. Энд манай компанийн хувьцаанаас гадна биткойн, ард койн зарагддаг. DAX дээр гэхэд дунджаар 10 тэрбум төгрөгийн захиалга орж ирж байна. Бид энэ дүнгээс шимтгэлийн орлого авдаг.   


-Үнэлгээ ер нь яаж тогтдог юм бэ?

-Үнэлгээнд бизнесүүдийн ашигт ажиллагаа, хөрөнгө оруулалтууд болон койны үнэ ордог. Дээрээс нь ирээдүйн үнэлгээ багтана. Энэ болгоныг хөрөнгө оруулагч нар нарийн тооцоолж үнийг тогтоодог.


-Танай компанийн хувьцаанууд хөрөнгийн биржийн арилжааны хэдэн хувийг эзэлж байна вэ?

-Өнөөдрийн хөрөнгийн биржийн арилжааг харахад нийт арилжааны 80 орчим хувийг Ард санхүүгийн нэгдэл эзэлж байна. Он гарахаас өмнө 1700 орчим төгрөг болж буураад байсан бол өнөөдөр 9000 төгрөг давчихлаа. 


-Нэг компани биржийн индексийг тэр чигээр нь бүрдүүлэх нь эрүүл үзэгдэл мөн үү?

-Яахав, хөгжсөн зах зээл дээр байхгүй үзэгдэл л дээ. Манайх шиг жижиг зах зээлтэй улсад гарч болно. Хэрвээ манай томоохон хувьцаат компаниуд бирж дээр  ихэнх хувьцаагаа гаргасан бол өндөр харагдаад байгаа хувийг нь хуваалцах байлаа. Гэвч манайд эзэд нь компанийнхаа хувьцааныхаа ихэнхийг эзэмшдэг учраас чөлөөтэй арилжаалдаггүй. 

Томоохон компаниуд гэхэд 10-аас доош хувиа л Хөрөнгийн бирж дээр гаргадаг. Ийм нэг бичигдээгүй хууль манайд үйлчилсээр иржээ. Энэ бол манай хувьцаат компаниудын гаргадаг нийтлэг алдаа юм л даа. 

Компанийнхаа ихэнх хувийг эзэмшчихвэл баяжна гэж боддог нь эндүүрэл.

Манай компанийн философи эсрэгээрээ, багахан хувь эзэмшиж байгаа ч гэсэн компани нь өөрөө томорвол миний хувь үнэ цэнтэй гэж үздэг. 


-Танай компанийн хувьцаа шиг 5-6 нугарч ашгаа өгсөн тохиолдол өмнө нь гарч байсан уу?

-Монголын зах зээлд энэ үзүүлэлт шинэлэг зүйл. Хөрөнгийн зах зээл хөгжсөн улс орнуудад байдаг өдөр болгон л болж байдаг зүйл шүү дээ. АНУ-ын хөрөнгийн бирж дээр жижиг компанийн хувьцаа хэдэн зуу нугарах нь байдаг л үзэгдэл.


-Ямар ч компанийн хувьцаа авсан өсөж буурах эрсдэл бий. Хөрөнгийн зах зээлийг сонирхож байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хувьцаа өслөө гэж баярлаад буурлаа гэж шаналаад байх хэрэггүй гэж зөвлөнө. Энэ бол ердөө цаасан дээр өөрчлөгдөж буй тоо. 

Мэдээж зарвал ашиг юм уу алдагдал нь бодит болно. Үүнээс өмнө үргэлж мөнхийн өсөх юм шиг бодож болохгүй. Тэвчээргүй хүмүүсээс мөнгийг нь авч тэвчээртэй хүнд нь өгөхийг л хөрөнгийн зах зээл гээд байгаа юм. 

Аль нэг найзыгаа хувьцаагаар хөрөнгөжсөн сургаар, сэтгэл хөдлөлөөр хандаж орж ирэх нь маш буруу. Хүний сэтгэл зүй хөрөнгө оруулалтын алдаа хийхэд зориулаад программчлагдсан байдаг. Жишээ нь хүмүүс голдуу өсөж байгаа хувьцаа руу шуурдаг, унаж байхад нь зардаг. Гэтэл хөрөнгө оруулалтын зарчим нь эсрэгээрээ байдаг.


-Нэг компанийн хувьцааг олон авах нь эрсдэл мөн үү?

-Хангалттай туршлагагүй бол сайтар судалж, аль болох багц хувьцаа авахыг санал болгоно. Ингэж хэт олон хувааснаар эрсдэл бага, тэр хэрээрээ өгөөж нь ч бага. Хувьцаагаар хөрөнгөжсөн тэрбумтнуудыг харахад голдуу 1-2 компани дээр том эрсдэл хийсэн байдаг юм билээ. Тэр хэрээрээ том ашиг хүртдэг жишиг бий.


-Хувьцааг 100 хувийн эрсдэл гэж ойлгож болох уу?

-100 хувийн эрсдэл биш. Эрсдэл нь компаниасаа л шалтгаална. Мэдээж зах зээл дээрээ удаан оршин тогтносон, хүчтэй брендтэй, монополь компаниуд эрсдэл багатай байдаг. Хэрэглэгч олонтой, зөв засаглалтай, өндөр ашигтай гээд хэд хэдэн үзүүлэлтийг зөв харж чадвал бараг эрсдэлгүй хөрөнгө оруулалт ч гэж хэлж болохоор хувьцаат компаниуд бий.


-Сүүлийн үед иргэдийн датаг олборлодог койнуудын асуудал анхаарал татаж байна. Ард койн үүнээс ямар ялгаатай вэ?

-Биткойн бол зөвхөн итгэлцэл дээр арилжаалагдаж, ямар ч зохицуулалтгүй цахим мөнгө. Койн дангаараа ямар ч үнэ цэнгүй, харин койнд итгээд олон хүмүүс хэрэглээд эхэлбэл үнэ нь өсдөг зүйл. Ард койны хувьд блокчейн технологи дээр суурилсан 5.15 тэрбум ширхэг буюу хязгаарлагдмал нөөцтэй урамшууллын койн юм. Ялгаа нь манай байгууллага энэ койныхоо ард нь байдаг гэсэн үг. Биткойн дээр ямар ч эзэн байхгүй шүү дээ. Гэтэл буух эзэнтэй буцах хаягтай гэж монголчууд ярьдаг шүү дээ. 

Бид сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэхээр урамшууллын оноогоо хасуулдаг шүү дээ. Үүнтэй ижил төрлийн зүйл. 

Манай компанийн үйлчилгээг хэрэглэсэн хүмүүст бид койн үнэгүй өгсөөр ирсэн. Мөн койнд хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс ч бий. 

Одоогоор нийт койны тал орчим хувь нь иргэдийн гарт байна.  Хүмүүс тэрхүү койноороо Ард шопоос худалдан авалт хийж болно эсвэл тэтгэврийн хуримтлал руу хийж болно. Бас DAX дээрээ шууд төгрөгөөр зарах боломжтой.  Ирээдүйд өөр компаниуд дээр ард койныг ашиглах боломж гараад ирвэл үүнээс ч олон хэрэглэгчтэй болж тэлнэ.