Өмсдөггүй хуучин хувцасаа яах ёстой вэ

Г.Сайнзаяа
04 сарын 21, 2022

Таны шүүгээнд олон жил өмсөөгүй хувцас дараатай байдаг л биз дээ. Хаячих гэхээр анх авсан нь, үнэ, чанар нь бодогдоод таталдаад байдаг уу. Чокер, гэдэс гарсан богино цамц буюу кроп топ, хамба хилэн бэлтгэлийн хувцас эргээд моданд ороод байхад 2005 онд авсан бариу, туузан даашинз тань хэзээ нэгэн цагт ноёрхох цаг ирнэ гэж та хүлээдэг үү? 

Заримдаа аливаа зүйлсийг тавьж явуулах хэрэгтэй байдаг. Гэвч хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл Rent The Runway-ийн ахлах стилист Блэр Рабенхорстын зөвлөгөөг сонирхоорой. 

Үндсэн зүйлсээ үлдээ

Шинэ трэнд загварын ертөнцөд улирал болгон гарч ирдэг. Тиймээс тэр олон трэндтэй хослуулж болохуйц, энгийн, өдөр тутамдаа өмсөж болох үндсэн хувцаснуудаа үлдээ. Тухайлбал, жийнс, товчтой, сул, богино ханцуйтай цамц, ритуз, майк хэзээ ч моданаас гарахгүй. Мөн аливаа хувцасны дотуур өмсөх боломжтой нимгэн свитер, футболка зэргийг хаях гэж яаралтгүй. Хэрэг болж л байдаг. 

Шүүгээндээ заавал байлгах ёстой гадуур хувцас бол нэг савхин, нэг дулаан хүрэм. Харин гуталны тухайд бол удаан эдэлгээтэй, хар өнгийн өсгийтэй гутал байраа алдаж болохгүй. Хөлийн хуруу гардаг, хоёр сантиметрийн платформ сандаалаа харин хаяхаас бүү ай. Гэвч хувцаслалтыг гутал ганцаараа орвонгоор нь өөрчилж чаддаг тул үлдээсэн ч гэмгүй. 

Салах ёс хийх хувцас

Үлдээх ёстой зүйлсээ ялгаж дууссан бол одоо үдэлтийн цаг ирлээ. Амьдралдаа гурван удаа л өмссөн, шүүгээнд зай эзлэхээс цаашгүй хувцаснуудыг хаябал зохино. “Анх уг нь дурлан, дурлан л авсан даа, даанч таван жил өмссөнгүй” гэсэн бодол төрвөл шууд л шийдвэрээ гарга. Загвар нь хуучирсан, тухгүй мэдрэмж төрүүлдэг, онцгүй хувцаснуудаа шууд л нэг тийш болго. 

Рабенхорст ганц л дүрэм баримталдаг. “Нэг жилээс илүү хугацаанд өмсөөгүй бол ахиж хэзээ ч өмсөхгүй”. Танд давхардсан, яг ижилхэн харагддаг хувцаснууд байдаг бол аль нэгийг нь хая. Гэхдээ жийнс биш шүү. Жийнс хэзээ ч илүүдэхгүй. Танд товчтой таван цамц байдаг бол нэгийг нь хаяж яагаад болохгүй гэж. Хаяснаа ч анзаарахгүй дээ.

Түүнчлэн удахгүй моданд орно гээд хүлээлгэнд оруулсан хувцаснуудаасаа сал. Тухайлбал резинэн бариу даашинз эргэж ирэхгүй л болов уу. Бас сүүлийн хэдэн жилийн турш хурим найр, үдэшлэг, шинэ жил, төрсөн өдөрт өмссөн даашинз байдаг бол одоо солих цаг нь болсон. 

Эцэст нь танд нэг их таалагддаггүй, үнэ, чанарыг нь бодоод байлгадаг хувцас бий бол одоо баяртай гэж хэл. Таныг өөртөө итгэлтэй, сайхан, эрч хүчтэй болгодог хувцас л шүүгээнд үлдэх эрхтэй. 

Дараагийн алхам юу вэ?

Алийг нь хаяж, алийг нь үлдээхээ шийдсэн бол өмсөхгүй хувцаснуудаа хэрхэх асуудал тулгарна. Хувцаснуудаа Христийн сүмд хандивлаж, эсвэл хөдөө явуулж болно. Монголчууд сүсгээс болоод хуучин хувцсаа хүнд өгөх, өмсүүлэх дургүй байдаг. Гэвч дээр үед хүмүүс “цайны” хэдхэн дээлтэйгээ хуучирдаг байсан. Одооных шиг шүүгээ дүүрэн, замбараагүй олон хувцастай байгаагүй. Одооных шиг бэлэн хувцас худалдаад авчихдаггүй, хүч, энерги зарцуулж хийгээд удаан өмсдөг байсан. Ийм хувцсанд хүний бүх л энерги шингэх нь аргагүй биз. Тиймээс л хамаагүй хаячихаж чаддаггүй, болдоггүй байсан биз ээ.

Мөн найз нөхөдтэйгөө хувцас солих бяцхан уулзалт хийж болно. Таны өмсөхөө больсон, сонирхохгүй хувцас өөр нэг найзад чинь сайхан зохиж болох. Нийлдэг найзуудаараа өмсөхгүй хувцаснуудаа ялгаад солилцоод, хэний ч тоогоогүй хувцаснуудыг хандивлах сайхан санаа шүү. Фэйсбүүкээр хувцас бартердах эвентүүд ч явдаг болсон. Мөн хуучин хувцас, second-hand бараа зарах группүүд бий. Тэнд хандаж хэрэггүй хувцаснуудаа тохирсон үнээр борлуулах гээд үзээрэй. 

Хаягдал болсон зарим хувцас тань хэт хуучирсан бол шатаачихаж болно.

Холбоотой сэдвүүд

зөвлөгөө хувцас

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.