Д.ЭРДЭНЭТУЯА
05 сарын 30, 2023
Хятадын Ганьсу мужийн Жиучуань хиймэл дагуул хөөргөх төвд өнөөдөр (2023.05.30) “Чанжэн II F” зөөгч пуужингаар "Шэньжөү-16" нисгэгчтэй сансрын хөлгийг хөөргөх ажиллагаа амжилттай болжээ.
Сансрын хөлгөөр хөөрсөн гурван хүний бүрэлдэхүүнтэй баг Тяньгоны сансрын станцад хүрнэ.
Хөлгийн багийн ахлагчаар томилогдсон Жин Хайпэнг нисгэгчтэй нислэгт дөрвөн удаа оролцсоноороо дээд амжилт тогтоожээ. Багийн бүрэлдэхүүнд нислэгийн инженерээр ажиллаж буй 4-р зэргийн сансрын нисгэгч Жу Янжу, Хятадын Бейхангийн их сургуулийн профессор Гуй Хайчао нар багтсан байна. Жу Янжу, Гуй Хайчао нарын хувьд анх удаа сансарт нисч байгаа аж.
Өдгөө тойрог замд "Шэньжөү-15"-ын командлагч Фэй Жунлунг, Дэн Чинмин, Жан Лу нар ажиллаж буй бөгөөд зургаан сарын хугацаанд даалгавраа биелүүлээд, ирэх зургадугаар сард дэлхий рүү буцах бол “Шэньжөү-16” хөлгийн багийнхан таван сар сансрын станцад ажиллах юм байна.
Хятад улс 2021 оны дөрөвдүгээр сарын 29-нд Тяньгоны үндэсний тойрог замын станцын бүтээн байгуулалтыг эхлүүлж, Тяньхэгийн үндсэн модулийг тойрог замд амжилттай хөөргөж, 2022 оны арваннэгдүгээр сарын 3-нд станцын үндсэн тохиргоог угсарч дуусчээ.
Эх сурвалж: XINHUA, CRI
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.