БЭЭЖИН. /Azertac/. БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам тус улсад харилцаа холбооны тав дахь үеийн “5G” сүлжээний технологийг арилжааны зориулалтаар ашиглах зөвшөөрлийг удахгүй өгч эхэлнэ.  


“Өнөөдөр 5G сүлжээний технологийн арилжааны хөгжлийн түүхэн цаг мөч тохиож байна. Нээлттэй хамтын ажиллагааны зарчмыг баримтлан Хятад улс нь салбартаа тэргүүлэгчдийн нэг болж, өрсөлдөх давуу талаа бий болголоо. Уг сүлжээг ашиглах зөвшөөрлийг удахгүй өгч эхэлсний дараа Хятад улс тав дахь үеийн сүлжээний технологийг арилжааны зорилгоор ашиглах эрин үед албан ёсоор орно” гэж тус улсын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны мэдээлэлд дурдсан байна.  

Мэдээлэлд мөн “5G сүлжээг хөгжүүлэхэд оролцсон дотоодын болон гадаадын компаниудад Хятад улс талархаж буйгаа илэрхийлжээ”. 

Хятадын эрх баригчид сүүлийн жилүүдэд 5G сүлжээний технологийг идэвхтэй хөгжүүлж байгаа юм. “Ernst & Young” зөвлөх компанийн шинжээчдийн урьдчилан таамаглаж буйгаар, Хятадад 5G сүлжээ хэрэглэгчдийн тоо 2025 он гэхэд 576 саяас давах бөгөөд нийт хүн амын 40 гаруй хувийг эзлэх аж.


Эх сурвалж: Монцамэ агентлаг