Хууль зүй, дотоод хэргийн /ХЗДХ/ сайд С.Бямбацогт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засаг захиргааны дэд тэргүүлэгч, Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн дарга Ма Мин тэргүүтэй төлөөлөгчдийг гурван жилийн өмнө айлчилсан билээ.

Уулзалтын үеэр МӨЗО-ны хяналтын камерын системийг ашиглаж гэмт хэргийн гаралт, тоог бууруулсан сайн жишгийг Монгол Улсад нутагшуулах сонирхолтой байгаагаа С.Бямбацогт сайд онцолсон байдаг.

Энэ үеэр  ӨМӨЗО-ны Засаг захиргааны дэд тэргүүлэгч, Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн дарга Ма Мин камерын хяналтын системийг ажиллуулж эхэлснээс хойш 200 хоногийн хугацаанд ӨМӨЗО-ны цагдаагийн байгууллагад нэг ч гэмт хэрэг гараагүй гэдгийг дурджээ. Мөн цаашид ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхмийн дарга Ма Мин манай холбогдох албаныхантай хамтран БНХАУ-тай хил залгаа зарим аймагт туршилтын журмаар хяналтын камерын системийг суурилуулна гэсэн байна.

Мөн БНХАУ-ын Засгийн газар манай Засгийн газартай тохиролцоод 36 сая доллароор камерийн систем нэвтрүүлэхээр тохиролцсон аж. Уг төсөл нь Хууль зүйн яаманд хянагдаж буй. Хэрвээ хэрэгжүүлээд эхэлбэл дүүргүүдийн алслагдсан хороодууддаа хяналтын камерыг идэвхтэй нэвтрүүлэх бөгөөд 8-10 мянган камер суурилуулах төлөвлөсөн талаар Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат ярьжээ.

Энэ талаар Хятадын мэдээллийн агентлаг Шинхуа ч xinhuanet.com бас мэдээлсэн байна.

Хятад улс дэлхийн хамгийн том хяналтын камерын системтэй улс гэдгээрээ алдартай. Засгийн газраас гадна Хятадын хувийн компаниуд ч дотооддоо ийм систем ашиглаж, ажилчдынхаа үйлдэл бүрийг хянаж байдаг гэдэг. Нүүр, чихээ дарсан хүнийг ч Хятадад хүнийг биеийн хэмжээ, алхаагаар нь таних систем бүтээгээд буй.

Хэдийгээр энэхүү технологийн ачаар хулгай, элдэв төрлийн гэмт хэрэг эрс буурах ч тухайн улс оронд байрлуулснаар датагаа алдах нь гэсэн болгоомжлол дагалдаж явдаг нь нууц биш. Нөгөө талаас хүний эрхийн байгууллагууд болон хувийн мэдээллийг чухалчилдаг сангууд Хятад улсын хаагүй байрлуулсан камерын хяналтад шүүмжлэлтэй хандаж байна.

Энэ талаар экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Энэ юу вэ? Дээвэргүй шорон болох уу? Хятадын хяналтын систем Төв Ази, Монголыг бүрхэх гэнэ дээ. ҮАБЗ,УИХ,ЗГ анхаарах байгаа. УИХ-ын гишүүний асуулгаар ч болов хөндөгдөх байлгүй! Эх орондоо,эрх чөлөөндөө хайртай бүхнийг тагнана,шүүнэ,гишгэх газаргүй болгоно.Аюулыг энд товч бичжээ." хэмээн бичсэн байна.