Тогтохбаярын Ариунзаяа
10 сарын 17, 2024
Дэлхийн улс орнууд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор технологийн дэвшил, инновацад суурилсан теле хяналтын камер (CCTV)-ыг өргөнөөр ашиглаж байна.
Цагдаагийн байгууллага иргэд олон нийтийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийг олон улсын стандарт түвшинд хүргэн камержуулах “Ногоон бүс” төслийг санаачлан 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
“Ногоон бүс” төслийг 3 үе шаттай хэрэгжүүлж байна.
Өнөөдрийн байдлаар аймгуудад 23,014, нийслэлд 32,315, нийт 55,329 камер байршуулж, зорилтод түвшний хэрэгжилт 73.2 хувьтай байна. Камер ашиглалтад нэвтрүүлснээр өнгөрсөн хугацаанд 1,652 гэмт хэрэг, 8,393 зөрчлийг илрүүлж, 525 гэмт хэрэг, 878 зөрчлийг үйлдэл дээр нь таслан зогсоож, оршин суугаа газраасаа алга болсон 200 хүүхдийг олж тогтоон эцэг, эх асран хамгаалагчид хүлээлгэн өгөөд байна.
Мөн төслийн хүрээнд аймаг, дүүргийн нутгийн захиргааны байгууллагатай хамтран “Теле камерын хяналын дэд төв” 30-ийг шинээр байгуулж, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлсэн нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулан ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хадгалалтын аюулгүй байдал, хэвийн ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлсэн.
Монгол Улсын Засгийн газраас энэ оны 09 сарын 18-нд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд суурилуулсан болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны теле камерыг нэгдсэн сүлжээнд холбох, хяналт тавих чиг үүрэг бүхий "Теле камерын хяналтын дэд төв"-ийг байгуулах, дэд төвийг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах "Теле камерын хяналтын нэгдсэн төв" байгуулах, гадна орчны теле камерыг мэдээлэл холбоо, сүлжээний үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын дэд бүтцийг ашиглан дэд төвд холбох, зохион байгуулахад шаардагдах зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх талаар тогтоол гарсан нь цаашид төслийг тогтвортой хэрэгжүүлэх эрх зүйн үндэс болж байна.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.