Хятадын зах зээлд Оюу толгойтой өрсөлдөх Удоканы орд

Дэлхийн зэсийн том ордууд гэвэл Оюу толгой, Пеббл, Удокан гэж ирээд бий. Пеббл гэдэг нь Аляскийн орд. Удокан нь ОХУ-ынх. Газар зүйн байршлаараа манай улстай их ойрхон. Чита мужид байрлах энэ ордын түүх тэртээ 1949 оноос эхтэй. Дэлхийд нөөцөөрөө дээгүүрт жагсдаг энэ ордыг тус улсын Ойн экспедицийнхэн анх олж байж. Урьдчилсан хайгуулыг нь 1952-1958 онд хийжээ. Харин 1959 онд эдийн засгийн үр ашиггүй гэсэн дүгнэлт гарч хэсэгтээ сонирхлын гадна үлдсэн гэдэг. Гэхдээ энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Жилийн дараа уулын далд малталтаар нэг цооног өрөмдөөд ашигтай орд гэдгийг нь мэдсэн байна. 

Өрөмдлөгөөр зэсийн нөөц хоёр километр хүртэл үргэлжилж буй нь тодорхой болсон гэдэг. ЗХУ-ын Засгийн газар үүнийг мэдсэн даруйдаа тогтоол гаргаж ордын нарийвчилсан хайгуулыг 1964 он гэхэд хийж дуусгахыг үүрэгджээ. Нарийвчилсан хайгуулын ажил хугацаанаасаа нэг жилээр хоцорч дуусчээ. Ингээд оросууд зэсийн дажгүй нөөцтэй ордоо нэг хэсэгтээ нам жим орхисон байна. Байгаль-Амурын төмөр замын ажил эхлэх үед буюу 1975 онд ордын хайгуул дахин үргэлжилжээ. Үүнээс хойш таван жилийн хугацаанд нарийвчилсан хайгуул хийн хагас үйлдвэрийн туршилт явуулж байж нөөцийг нь шинэчлэн тогтоожээ. ЗХУ-ын Нөөцийн комисс 1981 онд Удоканы ордод цэвэр металлаараа 20 сая тонн зэс бий гэсэн дүгнэлт гаргасан аж. Энэ ордын зэсийн дундаж агуулгыг 1.45 хувь гэж тодорхойлжээ. Энэ бол 1949-1980 оны турш үргэлжилсэн хайгуулын үр дүн байв. Сонирхуулж хэлэхэд наяад онд ордын хөрс хуулалтыг цөмийн дэлбэлэх аргаар хийнэ гэсэн хувилбар ч яригдаж байж. 

Оросын тэрбумтнуудыг өрсөлдүүлсэн түүх

Забайкальск хязгаарын төмөр замын Новая Чара станцаас 30 км зайд орших энэ ордын лицензийг Орос, Америкийн Удоканы уулын компани 1992 онд анх авчээ. Лиценз авснаасаа хойш ямар ч ажил хийгээгүй учраас зургаан жилийн дараа Оросын төр мэдэлдээ эргүүлэн авсан байна. Сүүлд нь 2008 онд “Металлоинвест” лицензийг 15 тэрбум рублиэр худалдан авчээ. Тэрбумтан Алшир Усмановын “Металлоинвест”-тэй Олег Дерипаскагийн “Союзметаллресурс”, Михаиль Прохоровын “Норникель”, “Русская мед консорциум” өрсөлдөж байж. 

“Металлоинвест”-ын хувьд “Михайловский ГОК” нэрийн дор өрсөлдөж энэ ордын эзэмшигч болжээ. Удоканы ордыг өнөөдөр “Металлоинвест”-ийн бүрэлдэхүүнд багтдаг “Байгалийн уул уурхай” гэдэг компани хариуцан ажилладаг. “Михайловский ГОК” лицензээ авсныхаа дараа охин компани болох “Байгалийн уул уурхай”-д шилжүүлэн өгсөн түүхтэй аж. 2010 оноос энэ ордод дахин хайгуул хийсэн байна. 2.5 мянган метр уулын далд малталт гэх мэт өчнөөн ажил өрнүүлсний эцэст Удоканы ордын нөөцийг дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг JORK стандартаар баталжээ. Уг ордын зэсийн нөөц цэвэр металлаараа олон улсын стандартаар 25.7 сая тонн, хүдрийн нөөц нь 2.7 тэрбум тонн гэж гарчээ. Удокан ордын ил аргаар олборлох уурхайн хэмжээний хүдрийн нөөц 795 сая, зэсийн нөөц цэвэр металлаараа 9.9 сая тонн гэдгийг ордыг эзэмшиж буй компани хайгуулаараа нотолжээ. 

2011 онд хайгуулыг дахин эхэлж, 2012 оны есдүгээр сар хүртэл үргэлжлүүлж, үйлд-вэрлэлийн туршилт хийсний үр дүнд хүдрээс зэсийг 89 хувийн металл авалттайгаар гаргаж авах боломжийг тогтоосон байна. 

Хойд хөршийн зэсийн нөөцийн 60 хувийг эзлэх аварга орд

2010 оны арваннэгдүгээр сард уг ордын лиценз эзэмшигч компани Забайкальскийн удирдлагатай нийгэм, эдийн засгийн гэрээ байгуулжээ. 2012 оны намар олон улсын инженерингийн “Флюр” компаниар ТЭЗҮ-ээ хийлгэхээр болжээ. “Флюр”-ыг Сайншандын аж үйлдвэрийн паркийн ТЭЗҮ дээр ажилласан гэдгээр нь монголчууд андахгүй. Оросын засгаас Алс Дорнод болон Байгалийн бүс нутгийг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн хөтөлбөр гэж баталсан юм. Удоканы ордыг ашиглалтад оруулах төслийн хүрээнд баталсан аж. Олон улсад нэр хүндтэй “Флюр”, “SRK consulting”, “Knight piesold” зэрэг компаниуд Удоканы ТЭЗҮ-ийг хийж байв. Удоканы ордын хүдрийн нөөц JORK стандартаар 2.3 тэрбум тонн гэж гарсан байдаг. Зэсийнх нь нөөц металлаараа 24.6 сая тонн гэсэн дүн гарчээ. 2015 оны шинэчилсэн тооцоогоор Удоканы нөөцийг металлаар 16сая тонн хэмээн тогтоосон байна. Ирээдүйд нөөц нь 27 сая тоннд хүрнэ гэсэн багцаа таамаг бий. Оюу толгойн тухайд нөөцийг нь 18 сая гэж буй. Ирээдүйд 30 саяд хүрнэ гэсэн тооцоо таамаг байгаа. Товчхондоо Удоканыг Оюу толгойтой эн зэрэгцэхээр орд гээд ойлгочихож болно. 

Удоканы уулын баяжуулах үйлдвэрийн барилга бүтээн байгуулалтын ажлыг 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд эхлүүлж, 2017 оны зургадугаар сарын 25-наас ашиглаж эхэлнэ гэсэн багцаа байсан ч одоог хүртэл ашиглаж эхлээгүй байгаа юм. Саявтар энэ ордын 25 хувийг хятадуудад худалдах хэлэлцээ эхлүүлсэн ч бүтэлтэй болоогүй аж. Ордын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг 2019 оноос эхлүүлнэ гэсэн мэдээлэл цацагдаад байна. Удоканыг ашиглахад 30 км төмөр зам, 1000 км өндөр хүчдэлийн шугам шаардлагатай байгаа юм. Олборлоход хүнд хэцүү, төвөгтэй нөхцөлд байршдаг, хөрөнгө оруулалт их хэмжээгээр шаардана гэсэн шалтгаан Удокан дээр яригддаг.

Удоканы олборлолт 2021 онд эхлэх төлөвлөгөө гарчээ.

Удоканд эзэн суусан“Металлоинвест”Орост хэн бэ?

“Металлоинвест”-ийн эзэн Алишер Усманов бол Оросын шинэ баян. Дэлхийн баячуудыг эрэмбэлсэн “Форбес”-ийн жагсаалтад 40 дүгээрт бичигддэг эрхэм. Тэр 2013 оны есдүгээр сарын 26-нд “Ордыг ашиглахад зургаан тэрбум ам.доллар хэрэгтэй” хэмээн мэдэгдсэнийг “Коммерсант” онцолсон удаатай. Тус компанийн зүгээс ордыг ашиглахад 6-8 тэрбум ам.доллар хэрэгтэй гэсэн мэдэгдлийг хийгээд байгаа аж.“Металлоинвест” төмрийн хүдэр, төмрийн баяжмалыг дэлхийн зах зээлд нийлүүлдэг, нөөцөөрөө дэлхийд хоёрт ордог төмрийн хүдрийн орд эзэмшдэг. Тус компанийн эзэмшдэг ордын нөөц олон улсын JORK стандартаар 14.6 тэрбум төмрийн хүдрийн нөөцтэй нь тогтоогдсон, 150 жилийн турш ашиглах нөөцтэй аварга орд аж. Төмрийн баяжмалын бөөрөнцгийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч компани. Өнгөрсөн онд гэхэд ОХУ-ын төмрийн баяжмалын 37 хувийг, төмрийн баяжмалын бөөрөнцгийн 57 хувийг үйлдвэрлэжээ. “Металлоинвест”-ийн вант улсын эзэмшилд Лебединск Михайловскийн уулын баяжуулах үйлдвэр, Осколоскийн электро металлургийн комбинат, төмрийн хаягдал боловсруулдаг“УралМетКом” үйлдвэрүүд багтдаг. 

Удокан яагаад бидэнд чухал гэж?

Олборлоход хүнд хэцүү нөхцөлд оршдог гэдэг утгаар нь оросууд өнөөдрийг хүртэл Удокандоо гар хүрээгүй. Сүүлийн жилүүдэд оросууд Удоканоо эдийн засгийн эргэлтэд оруулна гэж эрчимтэй ажиллаж эхэлсэн нь Оюу толгойтой холбоотой гэж ярьдаг. Биднээс урьтаж хөдлөх сонирхол өндөр байсан ч дэд бүтцийн бэрхшээл, хөрөнгө мөнгөний дутмаг байдлаас болж хөдөлгөж чадалгүй цаг алдсан нь энэ ордын түүхээс харагддаг.

Монголын Оюу толгойн зэсийн баяжмалыг авах зах зээл нь Хятад. Оросууд ч удахгүй Оюу толгойн гүний уурхай ажиллаж эхлэхтэй зэрэгцэн Удокан ордоос урд хөршид зэсээ нийлүүлж эхэлнэ.

Удоканы санхүүжилтийн хувьд бүр анх В.Путиныг Ерөнхий сайд байх үеэс л Хятадтай хамтрах алхам эхэлсэн юм билээ. В.Путины айлчлалын үеэр Хятадад болж буй эдийн засгийн форумын хүрээнд Удоканы эзэмшигчид Хятадын худалдаа үйлдвэрийн банк (ICBC)-тай санхүүжилтийн урьдчилсан хэлэлцээрт гарын үсэг зурж байж. Шанхайн уулзалтын үеэр В.Путин Си Жинпин хоёр алс дорнодын ашигт малтмалыг эргэлтэнд оруулах гэрээг үзэглэсэн удаатай.

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.