Нүүр будалт бол өөгөө дарах бус, гоо сайхнаа тодруулах урлаг

Хүдэрчулууны Хулан
03 сарын 10, 2026

Экосс салоны make up артист, 2026 оны шилдэг make up артист шалгаруулах "Beauty Expo" тэмцээний нэгдүгээр байрын шагналт П.Номин-Эрдэнийг ярилцлагын зочноор урилаа. 


Нүүр будалт бол зөвхөн гоё харагдах тухай бус эмэгтэй хүний өөртөө итгэх итгэл, өөрийгөө хайрлах мэдрэмжтэй салшгүй холбоотой урлаг гэж тэр үздэг. Бид түүнтэй эмэгтэйчүүдийн гаргадаг нийтлэг алдаа, нүүр будалтын зөв техник, өөрийгөө зөв будаж сурахын ач холбогдол болон ирээдүйн зорилгын талаар ярилцлаа.

Өө сэвээ дарах гэж хэт зузаан буддаг нь нийтлэг алдаа

– Та олон үйлчлүүлэгчтэй ажилладаг. Эмэгтэйчүүдийн гаргадаг нийтлэг алдаа нь юу байдаг вэ?

– Миний үйлчлүүлэгчдийн 70-80 орчим хувь нь 30-аас дээш насны эмэгтэйчүүд байдаг. Ойролцоогоор 1300-1400 орчим үйлчлүүлэгчтэй ажилласан байна. Энэ хугацаанд ажиглахад эмэгтэйчүүдийн хамгийн их гаргадаг алдаа бол өө сэвээ зузаан будгаар дарвал илүү сайн гэж боддог ойлголт байдаг юм байна.

Жишээлбэл, нүдний доор хөхөрчихсөн байвал зузаан крем түрхчихвэл гайгүй болчихно гэж боддог. Үнэндээ тийм биш. Нүдний доод зовхи маш нимгэн арьстай бөгөөд эргэн тойронд маш нарийн хялгасан судас их байдаг учраас их будаг авдаггүй юм.

Тиймээс нүдний доорх хөхрөлтийг дарахдаа зузаан крем түрхдэггүй. Харин ягаавтар суурьтай бэйсийг нимгэн түрхээд дээрээс нь праймер эсвэл крем тавихад тэр хөх туяа маш гоё дарагддаг.

Мөн сүүдэр тавихдаа давхар эрүүгээ дарж байна, хацрынхаа ясыг багасгаж байна гэж бодоод бүр гүн бор өнгөөр зузаан контур тавьдаг. Ихэнхдээ сошиал сүлжээн дээрх бичлэгүүдээс үзсэн юмаа шууд хэрэгжүүлээд байдаг.

Гэтэл үнэндээ нүүр будалтын гол зорилго нь бүх зүйлийг дарах биш, харин өөрт байгаа гоо үзэсгэлэнг тодруулах явдал.



Давуу талаа тодруулсан эмэгтэй үзэсгэлэнтэй харагддаг

– Тэгвэл таны бодлоор гоё будалт гэж юуг хэлэх вэ?

– Эмэгтэйчүүд өөрт байгаа гоо үзэсгэлэнг гоё тодотгож будвал хамгийн гоё гэж боддог. Жишээ нь, маш гоё уруултай байлаа гэж бодоход уруулаа зөв будчихсан байхад л тэр эмэгтэй ердийнхөөсөө огт өөр харагдана. Маш гоё нүдтэй хүн нүдээ гоё будчихсан байхад мөн л өөр болчихдог.

Тэгэхээр нүүр будалтаар бүх өө сэвээ дарах гэж оролдохоос илүү өөрийн давуу талаа тодотгоод өгчихвөл тэр эмэгтэй маш гоё харагдах боломжтой.

Зарим хүн маш гоё нүүрний хэлбэртэй, хацартай байдаг. Тийм хүмүүст хацар өнгөлөгчийг зөв байрлалд тавихад л нүүр маш гоё харагддаг.

Харин нүд нь гоё бол нүдэндээ сормуус нааж болно. Сормуус наагаад, линз зүүгээд, контураа гоё тавиад, нүдээ өргөлттэй, тод будчихвал тэр хүний өнгө төрх бүр илүү гарч тодордог.


Сайн гэсэн болгоныг биш, өөрт тохирох будгийг л сонгох хэрэгтэй

– Бүтээгдэхүүн сонголтод гардаг нийтлэг алдаанаас дурьдахгүй юу? 

– Манай эмэгтэйчүүд “энэ крем маш сайн гэсэн”, “Энэ кремийг түрхэхээр арьс гөлгөр толигор болчихдог гэсэн” гээд л яриад байдаг. Ингээд өөртөө тохироогүй будгууд авчихдаг.

Тэгээд би тэдэнд тайлбарлаж өгдөг юм. Жишээ нь, солонгос бүсгүйчүүдийн маш цагаан, чийглэг булбарай арьсан дээр маш гоё харагддаг крем байж болно. Тэр крем бүх хүнд адилхан харагдана гэсэн үг биш.

Тиймээс арьсны тон маш чухал. Зарим крем хүйтэн тоннтой байдаг. Хэрэв таны арьсанд тохирвол хүзүүний өнгөнөөс ялгарахгүй уусаад маш гоё харагдана.


Тэмцээнд түрүүлсэн нь дараагийн зорилгыг маань илүү том болгосон

– Та саяхан томоохон тэмцээнд түрүүлсэн шүү дээ. Тэр тухайгаа яривал?

– 2026 онд болсон "Beauty Expo" тэмцээнд оролцоод нэгдүгээр байр эзэлсэн. Энэ тэмцээнийг "Ari Make up" салоны үүсгэн байгуулагч, дэлхийн хоёр удаагийн аварга болсон make up артист Ц.Ариунзаяа зохион байгуулдаг.

Би тэр хүний нүүр будалтаас санаа аваад бэлтгэл дээрээ олон удаа туршиж хийдэг байсан. “Ийм будалт хийвэл ямар харагдах бол, би чадах болов уу” гээд л янз бүрийн будалт туршиж үздэг байсан.

Тэмцээн дээр шүүгч нар “Wow, ямар гоё болчихсон юм бэ” гэж хэлэхийг сонсоход маш их урам авсан.

Тэр тэмцээнд орсны дараа нэг бодол төрсөн. Би өнөөдөр зорьсон зорилгодоо хүрч чадсан юм чинь дараагийн зорилгодоо ч бас хүрч чадна гэсэн итгэл төрсөн. Тиймээс цаашдаа Азийн хэмжээний, дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд орж үзэх хүсэл төрсөн.



Нүүр будалт эмэгтэй хүнд өөртөө итгэх итгэл өгдөг

– Та энэ салбарт хэрхэн орж ирсэн бэ?

– Би 2021 оноос нүүр будаж эхэлсэн. Багаасаа л нүүр будах сонирхолтой хүүхэд байсан. 2025 оны зургадугаар сард сургуулиа системийн инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд хэсэг хугацаанд мэргэжлээрээ ажилласан. Гэхдээ make up-таа үнэхээр дуртай учраас энэ ажлыг бүтэн цагаар хийж үзье гэж шийдсэн.

Би Сэлэнгийн хүүхэд. Оюутан болоод хотод орж ирснээсээ хойш хувцас загварын шоу, клипний зураг авалтуудад нүүр будалтаар оролцдог байсан. Дуучдын клипний зураг авалтад очиж мөн нүүрийг нь будаж өгдөг байлаа. 

– Нүүр будалт таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ?

– Багаасаа нүүрэн дээр юм их гардаг байсан болохоор өөрийнхөө төрхөөс их санаа зовдог хүүхэд байсан. Харин одоо бол огт өөр болсон. Өөртөө маш итгэлтэй болсон.

Нүүрээ будчихсан үедээ би хүмүүстэй харц тулгараад, сайхан харилцаж чаддаг. Чухал ажилтай өдөр нүүрээ гоё будчихвал тэр өдөр ажил бүтэх гэж байгаа юм шиг санагддаг. Гэрээсээ гарахад хүртэл өнөөдрийн ажил маань бүтчихсэн юм шиг гоё мэдрэмж төрдөг.

Заримдаа би эмэгтэйчүүдэд “гоё байж доошоо битгий хар, гоё байж нүдээ зоригтой хар, гоё байж цэх суу” гэж хэлдэг.

Будалтад суухдаа зарим эмэгтэйчүүд жаахан гутранги, ичимхий байдаг. Харин будалт дуусах үед тэдний харц хүртэл өөрчлөгддөг.

Эмэгтэй хүн өөрийгөө гоё будчихсан байхад өөртөө итгэлтэй байхгүй байхын аргагүй.


Нүүрээ зөв будаж сурсан эмэгтэй насан туршдаа үзэсгэлэнтэй

– Таны сэтгэлд үлдсэн үйлчлүүлэгч бий юу?

– Сүүлд нэг өсвөр насны охин орж ирсэн. Нүүр нь нэлээн улайлттай байсан болохоор түүнээсээ ичдэг байсан юм. Түүнээсээ болоод хацраа огт өнгөлдөггүй байж. Зүгээр л нүүрэндээ зузаан крем тавьчихдаг байсан. Тэгэхээр өсвөр насны охины тэр гоё жинхэнэ төрх гарч ирэхгүй байсан.

Тэгээд би түүнд, “Хоёулаа нүүрнийхээ өө сэвийг дараад, дээрээс нь хацраа өнгөлөөд, жижиг деталиудаа жаахан өөрчилж үзье” гэж хэлсэн. Сургалт эхэлснээс 1-2 өдрийн дараа “Хөөх, хацраа өнгөлөх чинь ийм гоё байсан юм уу. Одоо бүр хацрын өнгөлөгчөө улам тод тавимаар санагдаж байна” гэж хэлсэн. Сургалтын дараа түүнийг гэртээ очиход ээж аав, найзууд нь “Ямар хөөрхөн болчихсон юм бэ” гэж хэлсэн гэж баярлаад ярьж байлаа. Тэгэхэд л нүүр будалт ямар чухал гэдгийг би дахин мэдэрсэн юм.

Хүн өөрийгөө хэрхэн будах ёстойг нэг л удаа ойлгочихвол насан туршдаа зөв будаж чадна. Гарт нь нүүр будалтын техник орчихдог, нүдэнд нь мэдрэмж суучихдаг.

Тиймээс би эмэгтэйчүүдэд “өөрийгөө зөв будах” хоёр өдрийн сургалт заадаг юм. Энэ сургалтаас хүмүүс маш их зүйл сураад гардаг шүү.

Зарим эмэгтэйн нүдний суурь будгаа тавих арга нь хүртэл бүр огт өөр болчихдог. Нүд нь гэрэлтээд л... Тийм болохоор эмэгтэйчүүд амьдралдаа ядаж нэг удаа мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваад үзээсэй гэж боддог юм.



“Миний зорилго бол ‘"Niran" брэндийг бий болгох”

– Ирээдүйн зорилго тань юу вэ?

– Би “Niran make up” гэдэг нэршлийг гаргасан. "Niran" гэдэг нь "Номинтой хамт" гэсэн утга санаатай нэр. Сүүлд Google-ээс хайж байхад санскрит хэлэнд “Niran” гэдэг нь "мөнхийн залуу", "нандин", "үнэ цэнтэй" гэсэн утгатай юм байна лээ. Миний хамгийн том зорилго бол “Niran” брэндийг бий болгох.

Өөрийн гэсэн бүтээгдэхүүн, брэндинг, студитэй болохыг хүсдэг. Тэгээд олон чадварлаг артистыг бэлтгэж гаргадаг, монголдоо төдийгүй дэлхийд гарсан артистуудыг төрүүлдэг томоохон брэнд болгох зорилготой.

Одоогоор Facebook болон Instagram дээр “Niran make up” гэсэн хаягууд ажиллуулдаг. Тэр хаягуудаар дамжуулж эмэгтэйчүүдийн өдөр тутмын нүүр будалтын жижиг боловч хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хуваалцдаг.

Заримдаа хүмүүс ганц, хоёрхон жижиг алдаа гаргадаг. Тэр алдааг нь жаахан өөрчлөөд засчихвал л илүү гоё харагдах боломжтой. Тиймээс илүү сайн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл манай пэйж болон Instagram хаягийг дагаарай гэж хэлмээр байна.


– Ярилцсанд баярлалаа.  





Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.