Эмэгтэйчүүдийн хувьд ганцаар бие даан аялалд гарах хандлага нэмэгдэхийн хэрээр тэдэнд тулгарах асуудал бэрхшээл гэмт хэргийн тоо ч өссөөр байна. Шөнө орой гудамжаар алхахад ч айх аюулгүй, эрх тэгш байдлын хувьд эмэгтэйчүүдэд ээлтэй 5 орныг танилцуулж байна.

“Norwegian Cruise Line” компанийн судалгаагаар, гурван аялагч тутмын нэг нь амьдралдаа дор хаяж нэг удаа ганцаараа аялах сонирхолтой байдаг аж. Ялангуяа ахимаг насны эмэгтэйчүүд дэлхийн аль нэг улс руу, хаа нэгтээ ганцаараа аялахыг илүүд үзэх болжээ. 

“Virtuoso” аялал жуулчлалын холбооноос 2022 онд хийсэн судалгаанаас үзвэл ганцаараа аялалд гарсан эмэгтэйчүүдийн 18% нь 65-аас дээш насных байжээ. Ганцаар аялагчдад ээлтэй, хүйсээр ялгаварлалт, хүчирхийлэл багатай эхний 5 улс орныг Эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын индекс (WPS) болон Дэлхийн энх тайвны индекс (PGP)-ийн үр дүн, эмэгтэй аялагчдын сэтгэгдэлд үндэслэн дараах байдлаар тодруулжээ.

1.Словени улс

Словени улсын эмэгтэйчүүдийн 85% нь тус улсыг аюулгүй гэж үздэг. Мөн “Эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын индекс (WPS)”-ээр Европын орнуудаа тэргүүлж буй улс юм. 

“The Detour Effect” аяллын блог хөтлөгч, явган аялагч Клэр Рамсделл анх Словенийн нийслэл Любляна хотод иржээ. Тэрбээр тус хотод гэрэл зураг авч, шөнө оройн цагаар ганцаараа явахад аюулгүй тайван байсан бөгөөд хэлний бэрхшээлээс өөр асуудал гараагүйг онцолсон байдаг. Ганцаараа аялж яваадаа сэтгэл түгшин, нуух шаардлагагүй байснаас гадна нийтийн тээврийн үйлчилгээ нь ч тун найдвартай байсан нь маш их таалагджээ. Айх аюулгүй, амар тайван ганцаараа аялахад хамгийн тохиромжтой газрын нэг бол Словени улс юм.

2.Руанда улс

“Эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын индекс WPS”-ийн мэдээлснээр Руанда улс парламент дахь жендэрийн тэгш байдлаар дэлхийд нэгдүгээрт ордог бөгөөд нийт гишүүдийн 55 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг байна. Мөн эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, улс төрийн оролцооны эрх тэгш байдлыг тодорхойлдог “Global Gender Gap” индексийн судалгаагаар дэлхийд зургадугаарт эрэмбэлэгджээ.

Аялагч Ребекка Хансений хэлж буйгаар, Руанда бол энхтайван аюулгүй байдлын баталгаа болсон улс бөгөөд бүхий л байршилд өдөр, шөнө алинд ч цагдаа, цэрэг, хамгаалалтынхан ажиллаж байдаг аж.  

Руандагийн албан ёсны хэл англи, франц учраас хэлний бэрхшээлтэй тулгарахгүй. Хэрвээ тэдгээр хэлээр ярьдаггүй, төөрсөн тохиолдолд дуртайяа зам заагаад өгөх найрсаг ард түмэн тэнд байдаг аж. Тиймээс Африк тивд орших амар тайван Руанда улсад очвол Нюнгве болон Акагера үндэсний цэцэрлэгт хүрээлэнг заавал үзэхийг зөвлөж байна.

3.Арабын нэгдсэн Эмират улс

Эмират улс Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудаас охид, эмэгтэйчүүдийн боловсрол, эдийн засгийн хараат бус байдалд ихээхэн анхаарч, бүс нутагтаа жендэрийн эрх тэгш байдлыг эрхэмлэгч тэргүүлэгч оронд тооцогддог. 

Тэндэхийн 15-аас дээш насны эмэгтэйчүүдийн 98.5% "Оршин суугаа хот, нутаг дэвсгэртээ орой, үдшийн цагаар ганцаараа алхах аюултай биш" гэсэн хариулт сонгосон нь “Эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын индекс (WPS)”-ээр дээгүүр байрт жагсах үндэс болжээ. Түүнчлэн Дубай хот “Insure My Trip” аялал жуулчлалын даатгалын компаниас гаргасан шалгуур индексээр эмэгтэй аялагчдад хамгийн ээлтэй, аюулгүй хотоор шалгарсан байна. 

4.Япон улс

Япон улс дэлхийн энхтайвны индексээр аюулгүй 10 орныг тэргүүлдэг. Зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан байр сууц болон метро, галт тэргээр үйлчилдэг учир ганцаараа аялагч эмэгтэйд амар тайван, айх айдасгүй нөхцөл бүрдүүлж, амгалан мэдрэмж төрүүлж чаддаг байна.

Ойрын хугацаанд гэр бүл төлөвлөөгүй, ганц бие амьдралын хэв маягийг эрхэмлэгч залуусын хувьд тус улс ёстой л мөрөөдлийн гэмээр, ганцаараа хийж болохуйц сонирхолтой олон зүйлс бүрдүүлсэн нь Япон орны соёлын салшгүй нэг хэсэг болжээ. Зоогийн газарт ганцаараа хооллох нь хэвийн үзэгдэл болсон арлын Японд соло-караоке хүртэл байдаг тул ганцаараа аялахад айх аюул, санаа зовох зүйлгүй зугаалж болох нь.

5. Норвеги улс

 

Санхүүгийн оролцоо, хууль эрх зүйн үзүүлэлт, “Эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын индекс WPS”-ээрээ хамгийн эхний байранд Норвеги улс оржээ. Дэлхийн жендэрийн тэгш эрх, Дэлхийн аз жаргалтай улс орны 10 дугаарт эрэмбэлэгддэг Норвеги нь нас, хүйс, бэлгийн чиг баримжаа үл харгалзан, бүх төрлийн аялагчдад ээлтэй газар гэдгээрээ алдартай. Осло хотын оршин суугч, “Up Norway”-г үүсгэн байгуулагч Торунн Тронсванг тус улсын тухай сэтгэгдэлдээ “Ганц бие эмэгтэйчүүдэд тохиромжтой газар” хэмээн онцолжээ. Хамгийн гол нь Норвегид бусдын эд зүйлсийг хулгайлах зэрэг хэрэг, зөрчлийн хохирогч болох үзэгдэл харьцангуй бага, аюулгүй оронд тооцогддог тул аялагчдад хамгийн тохитой ажээ. 

Эх сурвалж: BBC