Playboy сэтгүүлийг үндэслэгч Хю Хэфнер нэрт дуучин, жүжигчин, загвар өмсөгч Мэрилин Монрогийн шарилын дэргэд үүрд нойрсохыг хүссэн гэв. Өнгөрсөн лхагва гарагт, 91 насандаа таалал төгссөн Хю Хэфнер 1992 онд 75 мянган доллараар Мэрилин Монрогийн хажуугийн газрыг авчээ. 

Түүний шийдвэр олон нийтийг талцуулж, зарим нь дэмжиж, хэсэг нь эвгүйцэж буй. Мэрилин бол Playboy сэтгүүлийн анхны дугаарын нүүрэнд гарсан бүсгүй. Хэфнерийг шүтэн бишрэгчид түүний энэ алхмыг Мэрилинд зориулсан хүндэтгэл гэж үзсэн. 

Үнэн хэрэгтээ Хю Хэфнер шинэ карьераа эхлүүлж, ашиг орлого олж байхад Мэрилин гарсан зургуудаасаа санаа зовж, ирээдүйд нь гэм хийнэ гэж айж байсан. Учир нь Мэрилин нэрд гараагүй, залуу байхдаа мөнгөний хэрэгцээнээс нүцгэн зураг авахуулж байж. Тухайн үед ердөө 50 доллар авсан ч зурагчин нь Хю Хэфнерт хожим нь 500 доллараар зарсан юм. 

Хю Мэрилиний ачаар нэг шөнийн дотор 50 мянган хувь сэтгүүл борлуулж чадсан билээ. Тиймээс Мэрилин дэргэдээ Хю Хэфнерийг байлгахыг хүсэхгүй байгаа гэх хүн ч олон байна.