НЬЮ-ЙОРК. /TASS/. 2017 онд Куала-Лумпурын нисэх онгоцны буудалд амиа алдсан, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны ах Ким Жөн Нам АНУ-ын Тагнуулын төв газрын /ТТГ/ мэдээлэгч байсан бололтой. Энэ тухай “The Wall Street Journal” сонин эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжилжээ.

Эх сурвалжийн ярьснаар, Ким Жөн Нам болон ТТГ-ын хооронд “холбоо харилцаа” байсан байна. Тэрбээр Америкийн ТТГ-ын мэдээлэгч байсан бөгөөд “тус газрын төлөөлөгчидтэй нэг бус удаа уулзаж байсан” аж. АНУ-ын ТТГ энэ мэдээллийн талаар огт тайлбар өгөөгүй байна.

“The Wall Street Journal” сонинд мэдээлснээр бол 2017 оны хоёрдугаар сард буюу амь насанд халдах үед Ким Жөн Ун өөртэй нь холбоо тогтоосон ТТГ-ын төлөөлөгчтэй уулзахаар Малайзад очсон байжээ. Гэхдээ эх сурвалжийн үзэж буйгаар энэ нь тэрбээр тус улсыг зорих болсон цорын ганц шалтгаан биш байсан байна. Ким Жөн Уны ах Америкийн тусгай албаныхантай холбоотой байсан талаар “The Washington Post” сонины сэтгүүлчийн номонд бичсэн байсан бөгөөд мягмар гарагт нийтлэх ёстой байсан гэж тус сонин мэдээлжээ. 

Ким Жөн Нам 2017 оны хоёрдугаар сарын 13-нд Куала-Лумпурын нисэх онгоцны буудлаас эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна. Цагдаагийн мэдээллээр, үл таних хүмүүс нүүр рүү нь шингэн зүйл цацсаныхаа дараа зугтсан, толгой нь маш хүчтэй өвдөж, эргэж байна гэж тэрбээр эмнэлэгт хүргэгдэх замдаа хэлж байжээ. Ким Жөн Нам мэдрэл саажуулах “VX” гэдэг бодист хордсоны улмаас нас барсан гэж Малайзын эрх баригчид мэдэгдсэн байна. Индонезын иргэн Сити Айсиа, Вьетнамын иргэн Доан Тхи Хуонг нарыг уг хэрэгт сэжигтнээр татан баривчилсан юм. Сити Айсиад үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож сулласан бол Вьетнамын иргэнд 3 жил 4 сар хорих ял оноосон билээ. Доан Тхи Хуонг тавдугаар сарын эхээр суллагдсан байна.

Ким Жөн Нам бол БНАСАУ-ын удирдагч агсан Ким Жөн Ирийн том хүү юм. Түүний ээж нь Умард Солонгосын нэртэй жүжигчин Со Хэ Рим гэгч эмэгтэй аж. Тэрбээр Ким Жөн Ирийг залгамжлах хамгийн өндөр магадлалтай хүнд тооцогддог байсан боловч 2001 оны тавдугаар сард Доминикан улсын иргэний хуурамч паспортоор Япон руу гарахыг оролдсоныхоо дараа эцгийнхээ итгэлийг алджээ. Үүнээс хойш гадаадад, ихэвчлэн Макаод оршин суух болсон байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг