БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны шинэ жилийн баяр наадмыг тохиолдуулан хийсэн мэдэгдлийг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ины засаг захиргаа магтан сайшаажээ. Мэдэгдэлдээ тэрбээр АНУ болон БНСУ-тай харилцаагаа хөгжүүлэхийг зорьж буйгаа илэрхийлсэн байна.

“Ким Жөн Уны чин эрмэлзэл нь шинэ онд Солонгосын хойгийн асуудлыг зохицуулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж байна” хэмээн төрийн тэргүүний засаг захиргааны албан ёсны төлөөлөгчКим Ый Гёммэдэгдсэн байна.

АНУ-тай харилцаагаа сайжруулж, БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хүсэлтэй байгаагаа БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун шинэ жилийн баярын үеэр ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ.

АНУ-ын төрийн тэргүүнтэй шинэ дээд хэмжээний уулзалт хийхэд бэлэн байгаагаа Ким Жөн Ун мэдэгдсэн хэдий ч БНАСАУ-ын эрх баригчдын тэвчээрийг АНУ хэтэрхий удаан сорьвол баримталж буй чиг шугамаа эргэн харж магадгүй болохыг анхааруулсан байна.

Өнгөрсөн онд Сингапурт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцсон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Ким Жөн Ун АНУ-д уриалжээ. Түүнчлэн БНСУ-д стратегийн зэвсэг байрлуулахгүй байхыг уриалахын сацуу БНАСАУ-ын эсрэг чиглэгдсэн цэргийн сургуулилт явуулахгүй байхыг уриалсан байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости