Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

Дэлхийн 211 оронд коронавирус бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар АНУ, Итали, Иран, Испани, Герман, Франц, Швейцарь зэрэг улсад өвчлөл хурдацтай тархаж байна.

Итали, Испани улсад халдвар ихэссэн ч нас баралт, эрчимт эмчилгээнд орох хүмүүсийн тоо буурчээ. Энэ нь сүүлийн 10 хоног дахь хамгийн бага үзүүлэлт юм.

ОХУ-д 658-аар нэмэгдэж  5398 хүн  COVID-19 халдвартай нь тогтоогджээ.

Сүүлийн үед азийн орнуудаас Япон улсад идэвхтэй тархаж өнгөрсөн 24 цагийн дотор шинээр 360 тохиолдол бүртгэгдэж 4470 хүн халдвар авчээ. Ийнхүү халдвартай хүмүүсийн тоо огцом нэмэгдэж байгаа учраас Токио, Осака хотод онцгой байдал тогтоох тухай удахгүй албан ёсоор зарлаж магадгүй байна.  Одоогийн байдлаар 1000 орыг  COVID-19  халдвартай хүнийг хүлээн авахад бэлджээ.

Сингапурт гадаадын ажилчид байдаг дотуур байранд COVID-19 халдвар гарснаас болж 100 гаруй тохиолдол бүртгэгдсэн. 

Амьтнаас халдвар гарах тохиолдол бүртгэгдэж байна. Тухайлбал АНУ-ын Нью Йоркийн амьтны хүрээлэнгийн 5 бар коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Амьтдыг асарч байсан хүн өөрөө  COVID-19 вирусээр өвчилсөн байжээ. Мөн коронавирусийн шинж тэмдэггүй хүнээс муур нохойд халдварласан тохиолдол илэрлээ.