Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Covid-19”-ийн хувилбаруудад шинээр нэр өгөхөө мэдэгдлээ.

Их Британи, Өмнөд Африк, Энэтхэг зэрэг оронд анх илэрсэн эдгээр хувилбарыг тодорхойлохдоо цаашид грек цагаан толгойн үсгүүдийг ашиглах аж.

Тухайлбал, Их Британийн хувилбарыг Alpha, Өмнөд Африкийн хувилбарыг Beta, Энэтхэгийн хувилбарыг Delta хэмээн тэмдэглэх аж.

Ингэж өөрөөр тэмдэглэснээр хэлэлцүүлэг хийхэд хялбар болохоос гадна улс орны нэр хүндийг гутаахаас сэргийлнэ хэмээн ДЭМБ-ын мэдэгдэлд дурджээ.

Энэтхэгийн Засгийн газар өнгөрсөн оны 10 дугаар сард тус улсад анх удаа илэрсэн "B.1.617.2” хувилбарыг “Энэтхэгийн хувилбар” хэмээн тодорхойлж буйг шүүмжилжээ. Гэсэн ч ДЭМБ энэ хувилбарыг албан ёсоор “Энэтхэгийн хувилбар” гэж нэрлээгүй юм.

Грек цагаан толгойн үсгүүд гол, чухал хувилбаруудад хамааралтай бөгөөд нэрсийн жагсаалтыг бүрэн эхээр нь ДЭМБ-ын цахим хуудсанд нийтлэх аж.