АНУ-ын цагаар Даваа гарагт болсон Нью Йорк Никс, Кливленд Кавальерс багуудын тоглолтонд ЛэБрон Жэймс 23 оноо, 12 оновчтой дамжуулалт, 9 оновчтой дамжуулалт өгөн шилдэг тоглолт үзүүлсэн.

Мөн Нью Йорк Никс багийн Фрэнк Нтиликина, Энес Кантер нартай талбай дээр муудалцаад амжсан. Улмаар Кантер, ЛэБрон хоёр техникийн алдаа авсан юм.

Тэр гурвын дунд үл ойлголцол өчигдрийн тоглолтоос ч өмнө эхэлсэн. ЛэБрон Жэймс “Нью Йорк Никс баг Фрэнк Нтиликинаг биш Дэннис Смитийг драфтаар сонгох хэрэгтэй байсан юм” гэж хэлсэн нь дээрх үл ойлголцлын эхлэл болсон. Энес Кантер ч багийн шинэ залуу тоглогчоо өмөөрөн “ЛэБрон Жэймс өөрийгөө хэн гэж дуудах нь хамаагүй. Хаан, хатан, гүнж аль нь ч байж болно. Хэн ч биднийг дээрэлхэж чадахгүй” гэж хэлсэн юм.

Харин ЛэБрон Жэймс өчигдрийн тоглолтын дараа Инстаграм хуудсандаа өөрийнхөө зургийг “Нью Йоркийн хаан” гэсэн тайлбартай оруулсан байна. Тэрхүү зураг Нью Йорк Никс баг, тэр тусмаа Энес Кантерт зориулагдсан гэж таамаглах хүмүүс олон байгаа юм.