Л.Энх-Амгалан: Жагсаал, цуглаан хийх нь зөв шийдэл биш

Б.Баясгалан
12 сарын 27, 2018

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэх товтой байсан ч гишүүдийн ирц бүрдсэнгүй. Үүнтэй зэрэгцээд яг одоо Сүхбаатарын талбайд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" жагсаал болж байна.

Эдгээртэй холбоотойгоор УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан "7 гишүүн томилолт, чөлөөтэй байгаа учир өнөөдрийн чуулганы хуралдаан 68 гишүүн ирэх ёстой байсан. Эдгээрээс 32 нь хуралдаа суухаар чуулганы танхимд ирсэн. 30 гишүүн ямарч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы хуралдааныг 6 дахь удаагаа тасаллаа. Эдгээр гишүүдэд шаардлага хүргүүлсэн. 

УИХ-ын даргыг огцрохыг шаардсан албан бичиг нь хуульд нийцээгүй, хэлэлцэх үндэслэлгүй гэж Төрийн байгууллагын байнгын хороо үзсэн. Одоо шинэ он гарах гэж байна. Өнөөдөр, маргаашийг чуулган энэ оны хамгийн сүүлийн чуулган. Засгийн газрын гишүүдийг томилох зэрэг он гарахаас өмнө шийдэх асуудал олон байна. УИХ-ын тухай хууль, дэгийн тухай хууль зөрчигдөж байна. 

УИХ-ын даргыг огцруулахтай холбоотой асуудлаар бид ойлголцож, зөвшилцөж байж шийдэлд хүрэх ёстой. Түүнээс жагсаал, цуглаан хийх нь зөв шийдэл биш. Иргэд төр барих эрхээ УИХ-ын 75 гишүүнээр дамжуулж эдэлж байгаа. Тиймээс Сүхбаатарын талбай дээр биш, төлөөлөл болсон гишүүд нь чуулганы танхимд ирж асуудлаа хэлэлцэх журамтай.

УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 40 гишүүн үнэхээр хүсэж байгаа бол хуулийн төслөө бариад ороод ирж болно. УИХ-ын дурын гишүүн хууль санаачлах эрхтэй. Тиймээс олонх болсон 40 гишүүн хуулиа санаачилж болно" хэмээлээ.

Мөн тэрээр өнгөрсөн 7 хоногт чуулганы хуралдаанд 6 удаа ирээгүй нэр бүхий гишүүдийн цалинг хасах чиглэлийг УИХ-ын Тамгын газарт өгсөн. Хэн хэн гэдэг гишүүний цалинг хэдэг хувиар хасаж байна вэ гэдэг нь маргааш тодорхой болж, захирамж нь гарна" гэдгийг хэллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.