УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар өнөөдөр мэдээлэл хийж, МАН-ын Удирдах зөвлөлд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Мэдээллийн үеэр Л.Энх-Амгалан "УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах хүсэлт гаргасан. Тус асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 10 цагт хуралдахаар товлосон. 

Гэтэл МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд болох Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Удирдах зөвлөлийн гишүүн н.Оюунчимэг, Я.Содбаатар, Г.Солтан, Ж.Энхбаяр нар нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар зээл авсан гэдэг нь тогтоогдож байгаа. Тиймээс тэдэнд Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар хуралдах Удирдах зөвлөлийн хуралд оролцох ёс суртахууны болон санал өгөх эрх байхгүй гэж бид үзэж байна. Дээрх гишүүдийг Удирдах зөвлөлийн хурлаас хассан тохиолдолд хуралд оролцоно гэдгээ нэр бүхий 10 гишүүн мэдэгдэж, шаардах бичигт гарын үсэг зуран намын Удирдах зөвлөлд өгөөд байна.

Тус асуудлыг шийдвэрлэсний дараа бид Удирдах зөвлөлийн хуралд орно" хэмээн мэдэгдлээ.