Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.04.08-12-ны өдрүүдэд нийт 1002 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 692 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгажээ.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 31 хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт 1 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагууд шалгаж байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

  • 2019.04.09-ний өдрийн 00 цагийн орчим Баянхошууны зам, “Гэгээ” төвийн зүүн замд амины T.Axio маркийн автомашин нь явган зорчигч 54 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон,
  • 2019.04.08-ны өдрийн 21 цагийн орчим хэнтий аймгийн “Хаялаг” гэх газар асфальтан замд Sinotruk маркийн чиргүүлтэй автомашин зогсож байхад Lexus HS250 маркийн автомашин мөргөж, жолооч 35 настай Д-н амь нас хохирсон зэрэг хэргүүд бүртгэгдсэн. 

Жолооч ""Ослын зогсолтын тэмдэг"-ийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна" гэж Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дахь хэсэгт заасан.

Гэвч хөдөө, орон нутгийн замд зорчиж буй жолооч нар зайлшгүй зогсолт хийсэн үедээ замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлдөггүй, ослын зогсолтын тэмдэг байрлуулдаггүй, анхааруулдаггүй зэрэг зөрчил гаргадагаас тухайн чигт зорчиж буй жолооч нарт харагддаггүй үүнээс шалтгаалан зам тээврийн осол гарах эрсдэлтэй байдаг.

Иймд Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж, ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж бусад жолооч нарт анхааруулж байхыг зөвлөж байна.