ТЕХРАН. /BBC/. "Лхагва гарагт Ираны нийслэл Техран хотын нисэх онгоцны буудлаас хөөрсний дараахан осолдсон нисэх онгоцны хар хайрцгуудыг “Boeing” компани болон АНУ-д өгөхгүй" гэж Ираны Иргэний агаарын тээврийн газар мэдэгджээ.

176 зорчигчтой Украины “Boeing 737-800” загварын нисэх онгоц хөөрснөөс хэдхэн минутын дараа осолдож,хөлгийн тавцанд байсан бүх хүн амиа алдсан байна. Олон улсын агаарын тээврийн дүрмийн дагуу Иран улс мөрдөн шалгах ажиллагааг ахлан явуулах эрхтэй юм. 

Гэсэн хэдий ч мөрдөн шалгах ажиллагаанд нисэх онгоцыг үйлдвэрлэсэн компани оролцох тохиолдол түгээмэл байдаг бөгөөд мэргэжилтнүүдийн мэдээлснээр, хэд хэдэн орон хар хайрцгуудыг шинжлэн судлах эрхтэй байдаг аж. 

Ирак дахь Америкийн цэргийн алба хаагчдын байрлаж буй цэргийн байгууламжуудыг онилон Иран пуужингийн цохилт өгч, Америк, Ираны хурцадмал байдал өсөн нэмэгдсэнээс хэдхэн цагийн дараа дээрх осол гарсан боловч уг хоёр үйл явдал холбоотой гэх нотолгоо байхгүй байна. 

“Boeing” компанийн нисэх онгоц осолдсон тохиолдолд олон улсын мөрдөн шалгах ажиллагаанд АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын газар голлох үүргийг гүйцэтгэдэг байна. Харин Ираны Иргэний агаарын тээврийн газрын дарга Али Абедзадегийн мэдээлснээр, Иран осолдсон онгоцны хар хайрцгуудыг “Boeing” болон Америкт өгөхгүй аж.

Техранд осолдсон нисэх онгоцны зорчигчдын дийлэнх нь Иран, Канадын иргэд байжээ. “Boeing 737-800” нисэх онгоц техникийн доголдлын улмаас осолдсон гэж Ираны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд холбогдох албаны төлөөлөгчийн мэдээллийг иш татан уламжилсан байна. Мөн уг осол терроризмтой холбоогүй гэж А.Абедзаде мэдэгджээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг