УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар өьөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж байна.

Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Дарханы замын ажил үргэлжилж байна. Бороо их орсны улмаас энэ зун 42 хоног хугацаа алдсан. 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 01, 02-нд Дарханы зам дээр ажилд гарах бололцоогүй байна. Цас орсны улмаас дээрх өдрүүдэд замын хөдөлгөөнийг хаагаад, өнөөдрийн 12.00 цагт нээсэн. Цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байна.

Гэхдээ бид иргэддээ амалснаараа 2020 оны 11 дүгээр сарын 01-нээс 15-ны хооронд замын хөдөлгөөнийг бүхэлд нь нээнэ. 2 болон 4 дүгээр багц дээр өнгөрсөн зун олигтой ажил хийгдээгүй, гүйцэтгэгч нь ажлаасаа татгалзсан. Иймд Азийн хөгжлийн банктай яриад гүйцэтгэгчийн мөнгөнөөс тодорхой хэмжээний мөнгө гаргуулаад гүүр, хоолойны ажлууд болон засварыг хийж байна. Гэхдээ бид өнгөрсөн өвлийнх шиг замаар иргэдээ явуулахгүй гэдгийг баталгаатай хэлье" хэмээлээ.