Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хэрэг зөрчлүүд сүүлийн өдрүүдэд нэлээд шуугиан үүсгээд буй. Үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарыг огцрохыг шаардсан жагсаал болсон. Мөн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Элчин сайдаар томилохыг эсэргүүцсэн жагсаалууд хэдэн өдөр дараалан үргэлжилсэн.

Энэ талаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс байр суурийг нь асуухад "Дипломатуудтай холбоотой асуудалд хариуцлага ярих ёстой. Жагсаалын хувьд Ардчилсан намын "аппарат" л байна лээ. н.Чулуунбилэг, хэвлэлийнх нь дарга нар явж байсан. Эдгээрийг ялгаж, салгах ёстой. Яг ярьвал яригдах юм олон байна.

Гадаад харилцааны яамтай холбоотой асуудлыг хөөгөөд үзэхээр анх тэр хүн хэзээ томилогдсон бэ гэдэг нь их сонин байгаа. 1.2 сая еврогийн гэгдэж буй асуудлыг бас хөөгөөд үзэхээр н.Эрдэнэбулганы л асуудал байна. Өөрсдийнх нь хийсэн энэ замбараагүй авлигыг л цэгцлэх гэж явж байна. Асуудлууд бутарч, дэлбэрч гарч ирж байгаад би баяртай байна. Дипломатуудтай холбоотой асуудал Ц.Элбэгдоржийн л хийсэн ажил ш дээ. Шүүх өнөөдөр хүнд байдалд орлоо. Ц.Элбэгдорж л МУИС-ийн хэдэн багшийг аваачиж тавьж, тэдэндээ авлига өгч, хамтдаа нүүрсний наймаа руу орсноос л болсон. Одоо юунд нялзаах гээд байгаа юм. Өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Энэ бол бурууг хаацайлж байгаа асуудал биш. Шат шатанд тодорхой хариуцлагыг яриад явах ёстой. 

Гэхдээ Ардчилсан нам өнөөдөр "эдийн засгийг сэргээе. Эрдэнэтийн 49 хувийг цэгцлэе" гэх зэрэг лоозон барих эрхгүй. Тэгвэл Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ нар өөрсдөө шоронд орох ёстой. Ингэж ярьж буй бол шууд УИХ-ын гишүүнээсээ татгалзаад яваач" хэмээлээ.