УИХ-ын гишүүн Л.Болд, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Л.Оюу-Эрдэнэ "Би улс төрийн амьдралд оролцохоосоо өмнө олон улсын аудитын байгууллагатай хамтарч ажиллаж байсан. Тийм ч учраас баримтгүйгээр хэн нэгнийг гүтгэн доромжилж болохгүй гэдгийг маш сайн мэднэ. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой дугтуйтай бичиг бидэнд ирсэн. Үүнийг нягталж үзсэн. Үнэн болж таарсан. Үүнтэй холбоотойгоор бид Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавилаа.

Бид бүртгэлийн газар болон холбогдох байгууллага, Чингэлтэй дүүргийн нотариат дээр хувьцаа худалдах болон эрх шилжүүлэх гэрээг баталгаажуулсан байгааг олж мэдсэн. Шалгуулахаар цагдаагийн газарт өгсөн" хэмээн мэдэгдэв. 

Мөн тэрээр "Эрдэнэтийн 49 хувийг 400 орчим сая доллараар худалдаж авсан гэж өөрсдөө ярьдаг. Үүнийгээ 40 сая доллар болгоод Б.Номуундарь гэдэг бүсгүйд буюу Сингапурын бүртгэлтэй компанид шилжүүлсэн байна. Эндээс эрх зүйн ямар үр дагавар үүсэх вэ гэхээр Монгол Улсын хуулиас гараад явчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын тогтоол хэрэгжих ямар ч боломжгүй болж байна. Аливаа асуудал үүсэхээр арбитрын шүүх дээр уулзана. Арбитрын шүүх дээр ялагдах магадлал байгаа талаар, Засгийн газар өөрөө ялагдах талд нь ороод яваа талаар н.Зориг гэдэг хүн мэдээлэл хийгээд яваад байна. 

Тэгэхээр энэ бол туйлын ноцтой баримт. Хэрэв Эрдэнэтийн 49 хувь Монголоос гараад бүртгэл нь Сингапурын компанид оччих юм бол Оюутолгойтой адилхан нөхцөл үүснэ. Монгол Улсын Засгийн газар эрх зүйн чадамжгүй болно. Монголын нутаг дээр байгаа бүх шатны шүүхийн байгууллагын шийдвэр хүчингүй болно. Дараа нь үүнийг 40-хөн сая доллараар хэн нэгэнд худалдаж болно гэсэн үг. 

1995 онд төрсөн Б.Номуундарь гэдэг охинд Эрдэнэтийн 49 хувь Ц.Пүрэвтүвшин гэдэг залуугаас шилжиж байна. Эрдэнэтийн стратегийн орд газар яагаад ийм хоёр залуугийн гарт ороод яваад байдаг юм бэ. 

Энэ талаар албан ёсоор Худалдаа хөгжлийн банк юмуу хууль зүйн салбарт хандахаар бид мэдэхгүй, бид хамаарал бүхий этгээд биш гэж хэлнэ.

Гэсэн мөртлөө ямар нэгэн байдлаар эцсийн мөчид очих юм бол энэ хоёр залууг золиослоно. Ингээд энэ стратегийн орд газрууд гарна. Үүний араас эрэн сурвалжлахыг хүсэж байна" хэмээлээ.

УИХ-ын дээрх нэр бүхий гишүүд өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолыг УИХ-д өргөн барьсныхаа дараа мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компанид худалдсан гэсэн баримт мэдээллийг нэрээ нууцалсан хүнээс бидэнд ирүүлсэн. Энэ нь үнэн байх магадлалтай хэмээсэн юм. Тэгвэл тэд өнөөдөр "тус мэдээллийг судлахад "үнэн" байна" гэдэг байр гэдэг байр суурь илэрхийллээ

Харин "Монголын зэс корпораци" ХХК-аас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын Эрдэнэтийн 49 хувийг худалдсан гэдэг мэдээлэл нь ташаа мэдээлэл хэмээн өнгөрсөн баасан гарагт МЭДЭГДЭЛ гаргасан юм. Тус мэдэгдлийг ЭНД дарж уншина уу.