Эрдэнэт үйлдвэр дээр тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд 410 тэрбум төгрөгийн 197 гэрээг сонгон шалгаруулалтгүйгээр хийсэн гэх яриа нийгмийн сүлжээнд тархаад буй. Уг асуудал дээр болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд тодруулга өгсөн юм.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

Эрдэнэт үйлдвэрийн онцгой дэглэмийг дахин сунгахаар Засгийн газар дээр танилцуулга хийгдсэн нь үнэн. Үүнийг угтаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиалгатай нийтлэл гараад эхэлчихлээ. Үүнийг би ойлгож байна. Сингапурт шилжих байсан компанийн асуудлыг хөндсөн шүү дээ. 400 гаруй сая доллараар худалдаад авчихсан эрх ашгийг хөндсөн, үүнтэй холбоотойгоор олон үл хөдлөх болон бусад асуудал дээр Эрүүгийн хэрэг үүссэн. Тухайлбал Юнайтед Энержи компани дээр эрүүгийн хэрэг үүссэн. Нууц байдлаар ажиллаж байсан шүүгч М.Батсууриас эхлээд олон хүн бий. Энэ шүүгч ашиг сонирхлын зөрчилтэй хэрнээ ажил албанаасаа татгалзаагүй нь ил болчихлоо. Энэ мэт асуудлаас болоод над руу дайрч байх шиг байна. "Өдрийн сонин"-д гарсан тэр талаарх нийтлэлийн дараа би АТГ-т хандсан. Үнэхээр ийм асуудал байгаа бол Бадамсүрэн нарын хүмүүст шалгалт хийх ёстой. Би Эрдэнэт үйлдвэрийг Сангийн яам болон бусад хууль хяналтын дор ажилладаг гэж би ойлгодог. 

Уг нь Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн тайлан болон татвар төлөлт нь сайжирсан, холбогдох хүмүүс нь мэдэгдэх байх. Цаашдаа энэ мэт асуудлыг шийдэхийн тулд шүүхээр явах ёстой. Харамсалтай нь дуулиант хэргүүд шүүхийн шатанд очихоороо санаатай болон санамсаргүй үйлдлүүдээр цаг хугацаа их алдаж байна. Жишээ нь 30 хоног болоод өмгөөлөгч гомдол гаргах боломжтой гэсэн хуулийн заалт байгаа. Зөвхөн энэ заалт дээр гэхэд "Жаст"-ын Батхүүгийн өмгөөлөгч нар тоглож ирлээ. Шүүх үүнийг 1-2 удаа сунгаад үндэслэлгүй байна гэж үзэх ёстой шүү дээ. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлийн төслийг би дэмжсэн хүний нэг.  Итгэл үнэмшил маань юу байсан бэ гэхээр Засгийн газар 1,5 жил болоод огцордог асуудал цэгцрэх нь гэж харсан. Парламентийн засаглалтай бусад улс шиг болоосой гэж хүссэн. Манай улс үнэндээ парламентийн засаглалтай улс биш. Хагас ерөнхийлөгчийн, хагас парламентийн засаглалтай, Ерөнхий сайд нь хамгийн хүчгүй ийм л улс. Ерөнхийлөгч, УИХ хоёр нь туйлын хүчтэй. Үүнийг нуугаад байх хэрэггүй. Уг нь ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байсан бол энэ өөрчлөлт хэрэггүй л дээ. Бид яг дундуур нь яваад байгаа учраас ямар нэгэн зохицуулалт хийхээс аргагүй болсон. Аргаа бараад УИХ-ын гишүүдээ нэмж хүчний харьцааг өөрчлөгдөх болов уу гэсэн горьдлого. Гэхдээ аль нь ч төгс хувилбар биш. 

Би УИХ-ын гишүүдэд хандаж нэг зүйл хэлмээр байна. 62 гишүүний гарын үсгээр энэ хуулийн төсөл дэмжигдсэн. Дэмжихээсээ өмнө харахгүй одоо шүүмжлээд байх юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг заавал хийх ёстой ч биш л дээ. Хийвэл хийсэн шиг хийх ёстой, хоёрын хооронд сэглэх хэрэггүй. Энэ долоо хоногоос цааш яригдвал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг татах нь зөв.