Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой Засгийн газрын тэмдэглэлийг нууцаас гаргасан. 

Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ "төрийн мөнгөөр төрийн өмчийг хууль бусаар худалдаж авсан байж болзошгүй таамаглалыг нотлох баримтууд олон нийтэд ил болох боломжтой боллоо. Мөн Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс корпораци" хоорондоо холбоотой гэдгийг нотолсон баримт ч бас байна" хэмээсэн юм.

Тэгвэл өнөөдөр тус асуудлаар  “Монголын зэс корпораци"-аас мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр "Монголын зэс корпораци"-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин "Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг манай компанийг гүтгэсэн, худал мэдээлэл тараасан гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр бид нэхэмжлэл гаргаж байна.

Тус нэхэмжлэл нь манай компанийн талаар санаатайгаар тараасан буруу мэдээллээ залруулж, уучлал хүсэхийг Л.Оюун-Эрдэнэд даалгах үндсэн шаардлагатай. 

Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал 3 жил гаруй хугацаанд үргэлжилж байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд энэ асуудлыг АТГ болон Эрүүгийн цагдаагийн газраас хамтарсан ажлын хэсэг байгуулан нийслэлийн прокурорын хяналтад шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор манай компанийн удирдлагуудыг АТГ-аас 10 гаруй удаа дуудан мэдүүлэг авсан. Холбогдох бичиг баримтыг хураан авч, шалгалт хийж байгаа. Мөн манай компанитай хамтарч ажилласан ААН-үүдийн удирдлагуудыг байцаасан тоо давтагдсан тоогоор 70 гаруй удаа болсон. 

Өөрөөр хэлбэл, бид энэ асуудал дээр илэн далангүй хамтарч ажиллаж байгаа, хуулийн байгууллагад саад учруулсан зүйл байхгүй. 

Харамсалтай нь Л.Оюун-Эрдэнэ гишүүн мэдэгдэл хийхдээ биднийг зориуд байцаалтын ажиллагаанд саад учруулж буй мэтээр ташаа мэдээлэл тараасан. Түүний хэлсэн мэдээллээс үзэхэд хууль хүчний байгууллагаас тодорхой мэдээлэл авсан нь харагдаж байна. Гэхдээ ямар хүнээс байцаалт авсан бэ гэдгийг зориуд орхигдуулсан нь олон нийтэд манай компанийн нэр хүндийг унагасан, гүтгэсэн асуудал болж буй юм.

Өнөөдөр Монгол Улсад уугуул иргэд нь өөрсдөө бизнес эрхэлж болохоо больчихож. УИХ-ын гишүүд хэвлэлээр ажил хийдэг болсоэ байна. Л.Оюун-Эрдэнэ өрөө бэлдэж байгаад энэ асуудлаар пресентац тавина гэж ярьсан. Яагаад шинэ гишүүн өндөр албан тушаалд томилогдчихоод, шүүхээр шийдэгдээд өнгөрсөн асуудлыг ярьж байна вэ. Энэ нь ойлгомжгүй байна. 

Энэ асуудлаар бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзахаар удаа дараа хүсэлт тавьсан. Харамсалтай нь хүлээж авахгүй байгаа. Л.Оюун-Эрдэнэ гишүүн биднийг дуудаж уулзаагүй. Бичиг баримт хүсээгүй. 

Өнгөрсөн 9 дүгээр сард шүүхийн шийдвэр гараад эцэслэн шийдвэрлэсэн. Харамсалтай нь өнөөдөр шүүхийн шийдвэр биелэхгүй байгаа. Төрийн захиргааны байгууллага, ХЗДХ-ийн яамны зүй бус нөлөөнөөс болоод шийдвэр гүйцэтгэл дээр ямар ч ажиллагаа явагдахгүй байгаа. АТГ, Цагдаагийн байгуулллага гомдол хүлээж авахгүй байна. Бид төрийн өмнө хүчин мөхөсдөж байна. Төрөөс авсан нэг ч доллар бидэнд байхгүй. Тайлангаа удаа дараа өгсөн.

Гэтэл эрх мэдлээ ашиглаж ямар ч үндэслэлгүй удаа дараа гарч ирж, иргэдийн тархийг угааж байна. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ гишүүнд нэхэмжлэл гаргаж байна. Удахгүй шүүхийн шийдвэр гарч, Л.Оюун-Эрдэнэ гишүүн уучлал хүсэх байх гэж найдаж байна" хэмээн мэдэгдлээ.

Эрэнэтийн 49 хувьтай холбоотойгоор Засгийн газрын шийдвэрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн лхагва гарагт хийсэн мэдээллийг хүргэж байна.