"Монголын зэс корпораци" ХХК-ийн ТУЗ-ын дарга М.Мөнхбаатар, гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нар дөнгөж сая "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар Засгийн газарт хандаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүсэлт хүргүүллээ.

Энэ үеэр Ц.Пүрэвтүвшин "Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажил нэг жил гаруйн хугацаанд үргэлжилж байна. Өнгөрсөн 7 хоногт өгсөн байцаалт бол эдгээрийн нэг байсан. Би Эрүүгийн цагдаагийн алба болон АТГ-т 10 удаа байцаалт өгсөн. 

Монголын иргэн бүр хууль, шүүхийн байгууллагын өмнө тэгш эрхтэй. Тэр утгаараа бид хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэж, дуудсан цагт нь очиж, хүссэн бичиг баримтыг нь гаргаж өгч, хамтарч ажиллаж байгаа. 

Өнгөрсөн 7 хоногоос нөхцөл байдал нэлээд хурцадмал болсон. Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг ойлгож байна. Нийгмийн шаардлага гэж ойлгож байгаа. Засгийн газар хуулийн дагуу тодорхой шийдвэрүүдээ гаргаад, арга хэмжээ авлаа. 

Бид өнгөрсөн хугацаанд төрөө хүндэтгэж, хувийн хэвшил гэдэг үүднээс энэ асуудлыг эв зүйгээр шийдэх хүсэл эрмэлзэлтэй байсан. Одоо ч энэ хэвээрээ байгаа. Үүнийгээ баталгаажуулж өнөөдөр Ерөнхий сайдад хүсэлт өгч байна. 

Энэ хүсэлтийг хүлээн авч, УИХ-ын тогтоол болон Монгол Улсын бусад хууль, тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх хүсэлт өгч байна" хэмээлээ.

Мөн тэрээр" Энэ завшааныг ашиглаад хэлэхэд манай ээж насаараа төрийн албанд ажилласан хүн. Орон нутагт ажиллаж, амьдардаг. УИХ-ын гишүүн Ж.Батзандан руу яриагүй, угаасаа ярихгүй. Өнгөрсөн хугацаанд манай асуудлыг буруу талаас нь харж, шүүмжилж буй хүнээс тусламж гуйна гэсэн асуудал байхгүй. Энэ бол ташаа мэдээлэл" гэдгийг хэллээ.

Сануулахад, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар өнгөрсөн мягмар гарагт "Монголын зэс корпораци" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарыг баривчлан, Эрүүгийн цагдаагийн албанд байцааж, Цагдан хорих 461 дүгээр ангид нэг хоног хорин, маргааш орой нь сулласан юм.

Мөн маргааш нь буюу лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар Эрдэнэт үйлдвэрт 6 сарын хугацаатай онц дэглэм зарласан. Улмаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрт очиж, 9 албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, өрөөг нь битүүмжлээд буй юм.

"Монголын зэс корпораци" ХХК-ийн удирдлагууд Засгийн газарт хүсэлт хүргүүлж буйг дүрс бичлэгээр дамжуулж байна.