МОСКВА. /RIA Novosti/. Францын “Louis Vuitton Moët Hennessy” /LVMH/ компанийг эзэмшигч Бернар Арно зуун тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй гурав дахь хүн болсон тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ.

Тус агентлаг Арногийн хөрөнгийг 100.4 тэрбум ам.доллароор үнэлсэн байна. Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, он гарснаас хойш түүний хөрөнгийн хэмжээ 43 хувиар өссөн бөгөөд үүнд компанийнх нь хувьцааны ханш өссөн нь нөлөөлжээ. “Bloomberg”-ийн шинжээчдийн тооцоолсноор, одоо Арногийн хөрөнгө Францын ДНБ-ий гурав гаруй хувьтай тэнцэж байна.

Зуун тэрбумаар үнэлэгдэх өв хөрөнгөтэй өөр хоёр эрхэм бол “Amazon” компанийн тэргүүн, 119 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Жефф Безос, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч, 106 тэрбум ам.доллароор үнэлэгдэх бэлтэй Билл Гейтс нар юм.


Эх сурвалж: Монцамэ агентлаг