ВАШИНГТОН. /Yonhap/. БНАСАУ цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоох хүртэл тус улсад үзүүлж буй шахалтаа үргэлжлүүлэхийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео олон улсад уриалсан байна.


М.Помпео энэ талаар лхагва гарагт Лондон хотноо цугласан олонд хандан үг хэлэх үеэрээ дурджээ. Мөн тэрбээр, БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах үйл хэрэгт Их Британийн оруулж буй хувь нэмрийг сайшаажээ.

“БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах хүнд хэцүү дипломат ажиллагааг Ерөнхийлөгч Дональд Трамп ахлан явуулж байна. Та бүхэн үүнд дэмжлэг үзүүлсэн” гэж АНУ-ын дипломатч хэлжээ. 

Өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамд зохион байгуулсан Д.Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт хэлэлцээргүй өндөрлөснөөс хойш хоёр талын хэлэлцээнд төдийлөн ахиц дэвшил гараагүй юм. 


БНАСАУ руу нефть нийлүүлэхийн тулд хөлөг онгоц хооронд нефть дамжуулж буй хууль бус ажиллагааг зогсоох зорилгоор Их Британийн хааны тэнгисийн цэргийн хүчин Номхон далайд байлдааны хөлөг онгоцнуудаа байршуулсныг М.Помпео онцлон тэмдэглээд, үүнийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж хэлжээ. Хөлөг онгоц хооронд нефть дамжуулах ажиллагааг зогсоох зорилготой найман улсын эвслийг АНУ тэргүүлдэг юм. Тус орнуудад БНСУ, Канад, Австрали, Их Британи, Франц, Япон, Шинэ Зеланд багтдаг байна. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг