Миссоуригийн их сургуулийн од Майкл Портэр Жуниор нурууны мэс ажилбарт ороод талбайд нэг хэсэгтээ тоглох боломжгүй болсон. Гэхдээ зүгээр суулгүй “зүлгэж” сууна. Тодруулбал өчигдөр тэрбээр өөрийн твиттэр хаягаараа дамжуулж Дэнвэрт байгаа хөгжөөн дэмжигчдийг өөртэй нь NBA 2K тоглоом бооцоотой тоглох боломжтой талаар жиргэжээ. Улмаар NBA-ын тоглогчтой тоглохыг хүссэн гурван ч хүн мөнгөө алдаж, Майкл Портэр Жуниорын халтуурын золиос болсон аж.

Эхний хохирогч Вашингтон Визардсыг авч тоглоод Дэнвэр Наггэтсаар тоглосон Майклд хожигдож 200 ам.доллар алдсан. Тэгвэл хоёр дахь хохирогч нь бүүр ч том зүйл алдсан байна. Тухайлбал Гомез нэртэй хөгжөөн дэмжигч Майкл Портэрийн гэрт очсон талаараа “Намайг түүний байранд очиход түүний хоёр дүү нь л байсан. Харин би үеэлтэйгээ очсон. Тэгээд түүний өрөөнд яваад ортол Майкл Портэр дүүтэйгээ 20 долларын бооцоотой тоглож байсан. Үнэхээр тохь тухтай харагдаж байлаа. Би түүнтэй өөрийнхөө ахлах сургуульд бэлгэнд авсан 800 долларын үнэтэй цагаан UNC Air Jordan 1 пүүзээрээ дэнчин тавьж тоглоё гэж твиттэрээр хэлчихсэн байсан. Харин тэр надтай 100 доллар тавьж тоглохыг хүссэн. Учир нь түүнд миний пүүз таарахгүй учраас гэж тэр хэлсэн” гэж хэлсэн юм.

Хэдийгээр зөрүүтэй мөрий боловч Гомез зөвшөөрч, улмаар хавар ахлах сургуулиа төгсөхдөө бэлгэнд авсан пүүзээ мөрийнд алдсан байна. Харин Майкл Портэр Жуниор хожсон пүүзээ өөрт нь таарахгүй учраас дурын нэг хүнд бэлгэнд өгнө гэж тоглолтын дараахан жиргэжээ. Уг тоглолтод Гомез Сэлтиксээр тоглосон бол Майкл Портэр Жуниор Вашингтон Визардсаар тоглосон аж. Өөрөө Пума брэндтэй гэрээ байгуулсан учраас Жордан брэндийн пүүзийг өмсөх боломжгүйтэй холбоотойгоор бусдад өгөх шийдвэр гаргасан ч байж болох юм.

Ямартай ч Майкл Портэр Жуниорын энэ өдрийн халтуур ингээд дууссангүй. Өөр нэгэн хохирогч Сэлтикс авч тоглоод Майкл Портэр Жуниорын Вашингтон Визардст хожигдож 200 доллароосоо үүрд хагацжээ.



Эх сурвалж: SPS