2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд буй Нийгмийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. 


Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх мөнгөн дүн сарын 42.000 төгрөг


Мэдээллийн үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Саран "Энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулийн хэд хэдэн заалт бий. Тэдгээрийн нэг нь Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай хууль юм. Энэ хуулийг 2017 онд баталж, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлж байна.

Тус хуулийн хэрэгжилтийг БСШУСЯ, Татварын ерөнхий газар, ХХҮЕГ,  ШШГЕГ-тай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг бүрэн хангасан. 

Хуулийн үйлчлэлд хамаарах малчин гэж мал аж ахуйгаас үндсэн орлогоо олдог буюу малын А данстай иргэнийг хэлнэ. Хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж татварын албанд бүртгэлтэй, хувь хүний орлогын албан татварын үндсэн ангилалд хамаарах татварын төрлөөс аль нэгийг нь төлсөн иргэн юм. 

Нөхөн тооцох жилд тухайн иргэний ял эдэлсэн болон суралцсан хугацаа хамаарахгүй. Халамж, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаггүй иргэн тухайн хугацаагаа нөхөн тооцуулна. 

Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлж буй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нь аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, сумын нийгмийн даатгалын байцаагчид хандан жилээ нөхөн тооцуулах бүрэн боломжтой. 

Нөхөн төлөх шимтгэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй буюу 420.000 төгрөгийн 10 хувиар тооцож, нэг сард 42.000 төгрөгөөр төлөхөөр хуульчилсан. Урьдчилсан байдлаар уг хуулийн үйлчлэлд 88.1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдана гэж тооцоолсон.

Тус хууль хэрэгжсэнээр 2020 онд 34.8 мянган иргэн шинээр өндөр настны тэтгэвэр тогтоолгохоор байна. 


Дөрвөн төрлийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмнэ


Дараагийн нэг асуудал нь зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх хууль байгаа. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр тогтоолгож буй иргэдэд тус хууль хамаарна. 

Хуулийн үйлчлэлд 1990 оны 11 дүгээр сарын 27-нд батлагдсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доорх нөхцөлөөр тэтгэвэрт гарсан 1991 оны нэгдүгээр сарын 1-нээс 1994 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд 4 төрлийн нөхцөлөөр өндөр настны тэтгэвэр тогтоолгосон иргэд хамаарна.

Тодруулбал, төрүүлсэн болон 3 хүртэлх настайд нь үрчлэн авсан, 4 ба түүнээс дээш хүүхдээ 6 нас хүртэл нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажилласан 50 насанд хүрсэн эмэгтэйчүүд хамаарч байсан. Мөн дээрх нөхцөлөөр 20-оос доошгүй жил ажилласан эмэгтэйчүүд хамрагдана.

Нийт 27 ба түүнээс дээш жил ажиллаж, нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр настны тэтгэвэр тогтоолгосон эхчүүд, 32 жил ажилласан, 55 нас хүрсэн эрэгтэйчүүд байна. Энэ үед дээрх үндэслэлээр нийт 44.000 мянган иргэн тэтгэвэр тогтоолгосон. Одоогийн байдлаар нийт 21.000 хүний тэтгэврийг нэг удаа 50.000 төгрөгөөр нэмэгдүүлнэ. Үүнд улсын төсвөөс 12.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн" хэмээлээ.