Монгол Улс гадаад орнуудтай ялтан шилжүүлэх тухай бие даасан, хоёр талт 7 гэрээ мөн ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт 4 гэрээ байгуулжээ. 

Манай улс БНСВУ-тай “Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд иргэн, гэр бүл, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-г Улаанбаатар хотноо 2000 онд байгуулсан байна.  

Одоогийн байдлаар манай улсад Вьетнам Улсын 2 иргэн ял эдэлж байгаа, харин Вьетнам Улсад ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүй. Вьетнам Улсад манай улсын 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцдаг. Манай улсад 407 вьетнам иргэн амьдарч байгаагаас 279 нь хөдөлмөр эрхлэх визтэй гэсэн мэдээллийг ажлын хэсгээс өгөв. Мөн манай улсын 170 иргэн гадаад улсад ял эдэлж байгаагаас 110 нь БНХАУ-д ял эдэлж байгаа, үүнээс 11 хүнийг шилжүүлж авсан.

Энэ талаар нэг хүндрэлтэй асуудал байдаг нь шилжүүлж авсан хүнээ ял эдлүүлэхгүйгээр суллаж явуулдаг гэсэн асуудлыг хятадын талаас тавьдаг гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлж байв.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь "Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.