Монголын орчин цагийн түүхэн уран сайхны кино "Мандухай сэцэн хатан" дэлгэцнээ анх гарснаас хойш 30 жил болж байна. Энэ ойг тохиолдуулан уг киноны хөгжмийг энэ сарын 22, 23-ны үдэш Урлагийн гавьяат зүтгэлтэн Чулууны Чинбатын удирдлагаар бүрэн эхээр нь анх удаа эгшиглүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ. 

Уг тоглолтод симфони найрал, Морин хуурын чуулга, найрал дуучин, үндэсний хөгжимчин, уртын дууч, хөөмэйчид оролцох ажээ. 

Хөгжмийн зохиолч, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров 1987 онд бүтээлээ бичсэн бөгөөд тухайн үеийн дуурийн симфони найрал, найрал дуучид, чуулгын үндэсний найрал хөгжим, уртын дуучин Н.Норовбанзад, Д.Түвшинжаргал, Д.Банзрагч, Хөөмэйч Д.Сундуй зэрэг гоцлоочид оролцон нэрт удирдаач Ж.Чулуун ерөнхий удирдаачаар ажиллан бичлэг хийлгэж байсан түүхтэй. Уг киноны хөгжим давтамжийг тооцохгүйгээр 90 орчим минут дуурьсдаг ажээ.

Энэ удаагийн тоглолтод "Мандухай сэцэн хатан" кинонд оролцсон уран бүтээлчид уригдан оролцож, киноны зураг дүрс дуу хөгжим хэрхэн бүтэж яаж уялдан бүтээгдсэн талаарх яриа өрнүүлэх аж.