GSMI болон PRO HRS зөвлөх үйлчилгээний байгууллагаас хамтран  “HR LEADERSHIP FORUM”-ыг Манлайлал, Хүний нөөцийн орчин үеийн чиг хандлага сэдвийн хүрээнд энэ сарын 6-нд зохион байгуулах гэж байна. 

Тус институтээс Удирдах ажилтнуудад зориулсан форумыг жил бүр зохион байгуулж ирсэн билээ. Өнгөрсөн хугацаанд стратеги төлөвлөлт, манлайлал, ажиллагсдынхаа ур чадварыг сайжруулах чиглэлээр идэвхтэй хамтарч ажилласан харилцагч байгууллагуудын төлөөллөөс урьж оролцуулдаг нь уламжлал болжээ. 

Энэ жилийн форумын зорилго нь бизнесийн байгууллагуудын өсөлтийг хангаж, өрсөлдөх чадварыг сайжруулах үндсэн хүчин зүйл болсон талант ажиллагсдыг ажилд авах, тогтвортой ажиллах нөхцөлөөр хангах, тэднийг хөгжүүлэх орчин үеийн арга хэрэгслүүдийг таниулах, шилдэг туршлагуудаас хуваалцах, ажиллагсдын сургалтын хэрэгцээг тодорхойлох, ХН-ийн аутсорсингийн үйлчилгээний ач холбогдлыг таниулах сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээлэл түгээхийн зэрэгцээ компанийн удирдлагууд хүний нөөцийн хөрөнгө оруулалтаа оновчтой хийж өндөр өгөөжтэй ажиллахад нь туслах явдал юм.

Өмнөх форумуудаар бид бизнесийн байгууллагын өрсөлдөх чадварыг сайжруулах сэдвийг хөндөж байсан бол энэ удаагийн форумын илтгэлүүд нь цар тахлын дараах шинэ хэвийн байдалд компани, аж ахуйн нэгжүүд өсөлтөө хангаж ажиллахын тулд ажиллагсдынхаа цогц хөгжилд хэрхэн анхаарах, дутагдалтай байгаа ажиллах хүчээ хаанаас ямар сувгаар олж авах, сургалтын хэрэгцээгээ хэрхэн тодорхойлох, ур чадварт суурилсан хүний нөөцийг хэрхэн бүрдүүлэх вэ зэрэг сэдвүүдийг хөндөх юм.

Түүнчлэн мэргэжлийн зөвлөхүүдэд хандан сургалт, зөвлөх үйлчилгээ, коүчинг, менторингийн хөтөлбөрт хамрагдах нь бизнесийн байгууллагын өсөлт, хөгжилд ямар нөлөө үзүүлдэг талаар харилцагч компаниудын төлөөллөөс сайн туршлагаа хуваалцах юм. 

Форумд уул уурхай, барилга, банк санхүү, даатгал, эрүүл мэнд, боловсрол, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбаруудыг төлөөлж 60-70 удирдах ажилтнууд оролцох юм.