УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанд АН-ын бүлгийн гишүүд ирээгүй байна. Учир нь тус намын бүлгийнхэн өчигдөр "Эрх баригчид буюу УИХ, Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн үйлдлүүд хийж байна. Тиймээс эдгээр зөрчлүүдээ арилгаж, хууль зөрчсөн үйлдлээ зогсоотол чуулган болон Байнгын хороодын хуралдаанд суухгүй" хэмээн мэдэгдэж, чуулганы хуралдааныг орхин гарсан юм.

Өнөөдрийн чуулганы хуралдаанд АН-ын бүлгийн гишүүд ирээгүйтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Монгол Улсын 2019 оны төсвийг өнөөдөр хэлэлцэнэ гэж байна. Иймд УИХ-ын дарга М.Энхболд та АН-ынхныг чуулганы хуралдаанд оруулж ирэхэд анхаарах нь зүйтэй байна" хэмээв.

Үүний хариуд УИХ-ын дарга М.Энхболд "Засгийн газар энэ сарын 8, 9-нд бүх нийтээр амрах шийдвэр гаргасан байна. УИХ 2019 оны улсын төсвийг 11 дүгээр сарын 15-н гэхэд баталчихсан байх журамтай. Тиймээс бидэнд өнөөдрөөс өөр төсөв хэлэлцэх өдөр гарахгүй учир дэгийнхээ дагуу өнөөдөр төсвөө хэлэлцэн батална. 

Бидний хийж буй зүйлд хууль зөрчсөн зүйл байхгүй. Тиймээс чуулганы хуралдаандаа суух шаардлагатай гэсэн албан бичгийг би өнгөрсөн 10 дугаар сарын 30-нд АН-ын бүлэгт хүргүүлсэн. Өчигдөр ч хэлсэн. Ийм байхад чуулганы хуралдаанд орж ирэхгүй байгаа хүмүүсийг би яалтай билээ" хэмээн хариуллаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж буй бөгөөд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай асуудлаар хэлэлцэж байна.