Б.Баясгалан
11 сарын 12, 2019
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдсан. Улмаар тус намаас УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүс намдаа 100 сая төгрөг тушаахаар тогтсон.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар намын үндсэн санхүүжилтыг бүрдүүлэх асуудлыг хэлэлцэж, бүх гишүүний саналыг сонссон. Олон санал гарсан. Улмаар санхүүжилтыг гурван үе шаттай бүрдүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэж, шийдвэр гаргасан. 30 сая, 40 сая гээд тодорхой үе шаттайгаар сонгуулийн санхүүжилтыг бүрдүүлье гэдэгт 100 хувь санал нэгдсэн.
Улстөрд орж, өөрийгөө сорих бэлтгэл ажлын эхэнд шаардагддаг зүйл бол олонд үнэлэгдэж, хүндэтгэгдэх юм. Хоёрдугаарт, өөрийн гэсэн тодорхой дэмжлэгийн хүрээллийг бий болгож чадаж байж цаашаа явна. Энэ зарчим бизнест ч адил. Тэгэхээр өнөөдөр улстөрд орж ирж буй хэн ч бай тодорхой хэмжээнд дэмжлэгтэй, хандив санхүүжилт босгох чадвартай байх ёстой. Тэгж байж цааш явна.
Бодлогоо сурталчилна, сонгогчиддоо хүрч ажиллана, бүтцээ бүрдүүлнэ гээд хөдлөх бүрт тодорхой хэмжээний төсөв гарна. Үүнийгээ хуулийн хүрээнд хандив босгох замаар бүрдүүлж чаддаг байх ёстой. Энэ зарчмаар манай намын Үндэсний бодлогын хороо хуралдсан. Бид өнөөдрийн эрх баригчид шиг төсвийн мөнгөөр туйлаагүй, хэн нэгэн олигорхын халаасанд орохыг хүсээгүй" хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.