Тогтвортой хөгжлийг дэмжигч Peak.mn сайт Te³ tee.education сургалтын төвтэй хамтран  технологийн салбар, тэр дундаа IT салбарыг сонирхож буй хүүхэд залуустаа зориулан видео контентыг цувралаар бэлтгэн хүргэж байна.

Дугаарын маань эхний зочноор "Melearn" цахим сургалтын платформын хамтран үүсгэн байгуулагч Г.Мэргэн оролцлоо. 


Бичлэг үзэх:



Эхэлсэн ажлынхаа эцсийг үздэг хүнд л IT-ийн мэргэжил тохирно

Технологийн салбарыг сонирхож буй хэн бүхэн логиктой сэтгэх, код бичих нь энгийн ур чадвар гэдгийг ойлгох ёстой. Түүнээс биш IT мэргэжилтнүүд бусдаас ухаантай, онцгой төрчихсөн хүмүүс байдаг биш шүү дээ.

Чадварлаг IT инженер, технологийн мэргэжилтнүүд ур чадвараа байнга тордож, сайжруулахыг эрмэлзэж явдаг. 

Гэхдээ технологийн салбарт амжилт гаргахад дан ганц кодчиллын мэдлэг хангалтгүй. 

Тууштай зан чанартай байх нь чухал гэж би хардаг. 

Хамгийн энгийнээр IT салбар аливаа асуудлыг технологийн тусламжтайгаар шийддэг, шийдлийг бүтээдэг салбар юм. Асуудлыг нэр аргаар шийдэх гэж оролдоод чадахгүй бол амархан шантарчихдаг тал хүмүүст бий. Харин бидний ажил бол аль болох олон аргуудыг туршин хамгийн тохиромжтойг нь сонгож хэрэглээнд нэвтрүүлэх шүү дээ. 

Тиймээс эхэлсэн ажлынхаа эцсийг нь үздэг зан чанартай хүнд IT-ийн мэргэжил илүү тохирдог. 


Хүүхдээ аль болох багаас нь технологитой танилцуул

Би 10 дугаар ангидаа анх удаа мэдээлэл зүйн олимпиадад оролцохоор болсон юм. Тэр үед л кодчилолын талаар мэдээлэлтэй болсон.

Үнэндээ тэр үед л үеийнхнээсээ IT ур чадвараараа хоцорчихсон яваагаа ойлгосон. 

Надаас насаар дүү хүүхдүүд ч технологитой багаасаа найзалчихсан, бүр мөрөөдлөө болгосон хүүхдүүдээ таарч байлаа. 

Хүүхдийг аль болох багаас нь кодчиллын ур чадварт сургах хэрэгтэй юм байна гэдгийг тэндээс ойлгосон. 

Бага ангийн хүүхдүүд гар утас, компьютер дээр тоглоом тоглож, программ ажиллуулж эхэлдэг шүү дээ. Яг энэ насанд нь “Энэ тоглоом хэрхэн бүтдэг юм бол, энэ программ хэрхэн ажилладаг юм бол” гэж сонирхож эхэлдэг. Тэр насанд нь аав ээжүүд нь хүүхдийнхээ хүсэл сонирхлыг нь дэмжих нь маш чухал.

Ингэж технологийн салбарт дур сонирхолтой болгох суурийг нь бэлтгэснээр хүүхэд өөрөө хөгжүүлээд, цаашид ямар ч мэргэжил эзэмшсэн технологийн суурь мэдлэгтэй болдог.