Монгол Улс жендэрийн тэгш байдлаараа 10 байраар урагшилжээ

Б.Анхилам
04 сарын 08, 2021

ДЭЗФ 2021 оны Дэлхийн жендэрийн ялгааны индексийн тайлангаа гаргажээ. Үүнд манай улс нийт 156 орноос 69 дүгээр байрт жагссан байна. Тус жагсаалтыг Исланд улс тэргүүлжээ. Энэтхэг улс өнгөрөгч оноос 28 байр ухарч, 156 орноос 140 дүгээр байрт бичигджээ. 

Зарим улс орны хувьд жендэрийн ялгаа ихэссэнд коронавируст цар тахлыг нөлөөлсөн гэж үзжээ. Энэхүү нийтлэлээрээ бид тус тайлангийн хүрээнд онцлох мэдээллийг хүргэж байна.

Жендэрийн индексийг гаргахдаа дараах 4 шалгуурт үндэслэн тогтоодог. Үүнд:

1.Эдийн засгийн оролцоо, боломж

2. Мэдлэг боловсрол

3. Эрүүл мэнд болоод наслалт

4. Улс төрийн эрх мэдэл багтана.


Энэ удаагийн тайлан дахь онцлох мэдээ мэдээлэл:


1. Дэлхий дахинаа жендэрийн ялгааг бүрэн арилгахад 135.6 жил зарцуулна

-Жендэрийн тэгш оролцоог хангах ажиллагаа одоогийн байдлаар 68 хувийн гүйцэтгэлтэй байна.

-Энэ онд томоохон улс орнуудын жендэрийн тэгш байдалд оруулах хувь нэмэр эрс багассан.


2. Улс төр дэх жендэрийн тэгш оролцоог бүрдүүлэхэд 145.5 жил шаардлагатай

- Эдүгээ жендэрийн тэгш бус байдал улс төрийн эрх мэдлийн хүрээнд хамгийн их байгаа.

- Энэ ялгааны ердөө 22 хувийг л нөхөж чадсан.

- Энэ сэдвийн хүрээнд чухал баримтууд болоод анхаарал хандуулбал зүйтэй асуудлууд:

1. Дэлхий даяар нийт 35500 парламентийн суудал байдаг бол үүний 26.1 хувь буюу дөнгөж 9265 нь эмэгтэйчүүд байна.

2. Олон улсад 3400 сайд алба хашдагаас 22.6 хувь буюу 768 нь эмэгтэй сайд нар байна.

3. Тус тайланд оролцсон 156 орноос 81 орон огт эмэгтэй төрийн тэргүүнтэй байж үзээгүй.



3. Эдийн засгийн оролцоо, боломжууд дахь жендэрийн ялгааг нөхөхөд нийт 267.6 жил зарцуулагдана

-Улс төрийн салбарын дараагаар жендэрийн ялгаа нь эдийн засгийн оролцоо, боломжид ихээхэн ажиглагддаг. 

- Одоогоор эдийн засгийн оролцоо, боломжийг тэгшитгэхэд нийт ялгааны 58 хувийг нөхсөн байна. 

-Зарим улсад цар тахлын нөлөөгөөр хөдөлмөр эрхлэлтэд эмэгтэйчүүдийн оролцоо муудснаар жендэрийн тэгш бус байдлыг нэмэгдүүлсэн.


4. Мэдлэг боловсролын хүрээн дэх жендэрийн ялгааг арилгахад 14.2 жил шаардлагатай. Харин эрүүл мэнд болоод наслалтын тал дээр жендэрийн ялгааг арилгахад хэдий хугацаа шаардагдах нь одоогоор тодорхойгүй байна. 

-Мэдлэг боловсролын хүрээн дэх жендэрийн ялгааг бараг л нөхөгдсөн гэж хэлж болно. 


Жендэрийн зөрүү дэх коронавирусийн нөлөө

Ажилгүйдэл

Цар тахлын үеэр хөдөлмөр эрхлэгч нийт эмэгтэйчүүдийн 5 хувь нь ажилгүй болсон бол хөдөлмөр эрхлэгч нийт эрэгтэйчүүдийн 3.9 хувь нь ажилгүйдэлд өртжээ. Хэрэглэгчийн салбар, ашгийн бус байгууллагууд, медиа, харилцаа холбооны салбаруудад эмэгтэйчүүдийг удирдах албан тушаалд авах нь буурсан үзүүлэлттэй байна.

Ирээдүйд жендэрийн ялгаа ажиглагдах салбарууд:

Тайланд өгүүлснээр өдгөө эмэгтэйчүүдийг дутуу үнэлж байгаа салбарууд ирээдүйд ч энэ чигтээ байж магадгүй гэнэ. Тэдгээрийг салбаруудыг нэрлэвэл:

1. Компьютер тооцоололын салбар - нийт ажиллах хүчний 14 хувь нь л эмэгтэйчүүдээс бүрддэг.

2. Инженерчлэлийн салбар - нийт ажиллах хүчний 20 хувь нь л эмэгтэйчүүдээс бүрддэг. 

3. Дата болоод хиймэл оюун ухааны салбар - нийт ажиллах хүчний 32 хувийг л эмэгтэйчүүд бүрдүүлдэг. 


Дэлхийн Жендэрийн Ялгааны Индексийн үнэлгээ:

Ямар улс жендэрийн хамгийн тэгш оролцоотой байв?

Исланд улс 12 дахь удаагаа тухайн индекс үзүүлэлтийг тэргүүлж байна.

2021 онд улс орныхоо жендэрийн тэгш оролцоонд ямар, ямар улс хамгийн их ахиц үзүүлсэн бэ?

1. Литв

2. Серб

3. Тимор-Лэстэ

4. Того

5. БНАНЭУ

Тус тайланд ямар, ямар улс шинээр нэмэгдсэн бэ?

Энэ жилийн Дэлхийн Жендэрийн Ялгааны Индекст 3 улс анх удаагаа дурдагдсан юм. Тэдгээр нь:

1. Афганистан - Жагсаалтын 156 дугаар байр буюу хамгийн сүүлд орсон.

2. Гуяана - 53 дугаар байрт бичигдсэн.

3. Нигер - 138 дугаар байрт бичигдсэн.

Жендэрийн хамгийн тэгш оролцоотой бүс аль байв?

Хамгийн их ахиц гаргасан бүс гэвэл баруун Европыг нэрлэнэ. Энэ бүс нь жендэрийн ялгааныхаа 77.6 хувийг нөхөж чадсан юм. Түүний араас,

1. Хойд Америкийн бүс - 76.4 хувиар

2. Карибын тэнгис болоод Латин Америкийн бүс - 71.2 хувиар

3. Зүүн Европ болоод Төв Азийн бүс - 71.1 хувиар тус тус жендэрийн ялгаагаа нөхөж чаджээ. 

Тус жагсаалтад багтсан улсуудаас зөвхөн Бангладеш л өнгөрөгч 50 жилд хамгийн урт хугацаанд буюу 27 жилд нь эмэгтэй удирдагчтай байсан улсаар бүртгэгджээ. 

Тэгвэл аль бүсүүдэд жендэрийн ялгаа хамгийн их байв?

Тайлангаас үзвэл Ойрхи Дорнод, Хойд Африкт жендэрийн ялгаа хамгийн их байна.


Эх сурвалж: ДЭЗФ

Холбоотой сэдвүүд

жендерийн ялгаа дэзф

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.