Манай сайтын нийтлэлч Батчулууны Чимэдлхам "Хүмүүн" номын редакцийн эрхлэгчээр ажилладаг. Өдгөө Германы Эрфурт хотод амьдарч суралцаж байна.

Компьютер удаан ширтэснээс болоод сормуусаа будахаар нулимс гоождог болчихлоо. Ингээд будахаа болив. Ажил дээрээ мантуун бууз идэж, сургууль дээр пирожкидсоор байгаад жин нэмэв. Хүүхдээ цагт нь авах гэж яарч алхдаг учраас өндөр өсгийтөөс намхан руу шилжлээ. Хамаг юмаа алдчихаад уйлж суусан үе зөндөө байсан болохоор цүнхээ урдаа тэвэрч явна. Дэлгүүрт ороод гоё даашинз хараад байн байн эргэлдэнэ. Дараагийн цалин хүртэл хол. Ядаж байхад аль хэдийнэ цалингаа өөр юманд зарна гээд төлөвлөчихсөн. Үүнийг өмсөөд явбал хичнээн гоё харагдах бол... Үсээ бага зэрэг ороож задгай тавиад л... гэнэтхэн за за хүүдээ л юм авья би ч яахав ингэж шийдээд дэлгүүрээс хоосон гарна даа. Нэг газар ороод хоол идэж суухад хорь нилээд гарсан залуус 30 тай хүүхнүүдийг хөгшин авгай гэж яриад л... Би дуугүй сууж толинд нүүрээ сэм харна.
Ажлын газрын залуусын мөнгөө нийлүүлж авсан сарнайнаас мартын 8-нд ганцыг авчихаад баярлаж үнэрлээд ширээгээ чимнэ.
Нэг цамцаа гамнаж зүлгэсээр хэдэн жил өмсдөг намайг хүмүүс хувцас муутай, стильгүй гэж хардаг байсан байх. Заримдаа арай насандаа биш юм шиг санагддаг байх. Аргагүй шүү дээ. 25 тайдаа өмсдөг хувцасаа 30 тайдаа өмсч л байгаа юм чинь. Нэг үгээр хэлбэл би эрчүүдийн тоож хардаггүй эмэгтэйн нэг боллоо. Угтаа бол эрчүүд эмэгтэйчүүдээс ч илүү өнгө үзэмжинд дуртай хүмүүс.


Цуг ажилладаг охидууд, найзууд өдөржин ажиллачихаад ажил тарахдаа нэтээс нэг хоолны жор хэвлэж аваад гэрийн зүг гүйнэ. Нөхрөө уйдаахгүй гэж өдөр бүр хичээгээд л...
Найзындаа орлоо.
- Хогоо гаргаад хаячихаарай
- Гэрийн эзнээр хог хаяулаад байгаарай, хийморь сүлдэнд муу
- Өнөөдөр чи хоол хийхгүй юм уу
- Би мөнгө олж байна ш дээ
- Өнөөдөр хүүхдээ аваад салхилах уу
- Амралтын өдөр гэртээ хэвтмээр байна ш дээ
- Надад яагаад цэцэг өгдөггүй юм бэ хайраа
- Цэцгээр яадаг юм, харин хоолонд орсон нь дээр
Манай нийгэм эмэгтэйчүүдийг хязгааргүй тэвчээртэй, өндрөөс өндөр боловсролтой, тэнгэр мэт уужуу, цалин эсвэл хахууль сайтай ажилтай байхыг шаардаж, олон хүүхэдтэй болвол сайн гэж ухуулдаг. Гэвч хүүхдийн мөнгө, цэцэрлэг, тэднийг өсөх орчинг бэлддэггүй. Ганц эмэгтэйн нуруун дээр гэр бүл нь хамаатан садантайгаа үүрүүлүүлэх нь энүүхэнд. Үүнийгээ хачин сайхан үгээр нэрлэж байх ёстой гэж үзнэ. Гэр бүлийн хариуцлагыг хүүхнүүд л өөрийгөө хаян байж үүрдэг. Үүнийгээ хүүхнүүд нь ч тийм байх ёстой мэт өөрсдөө ойлгоно.

Европт ирсний дараа надад амьдрал гоё санагддаг болсон. Илүү зоригтой ч болов. Би эмэгтэй хүн амьдралын гоёмсог гэрэл гэгээ гэдгээ мэдэрч байна. Ганц бие ээжүүд ажиллаж, хүүхдээ сургаж, нийгэм тэднийг олон талаас нь сайн харж үзнэ. Эрчүүд нь байнга л цэцэг авч эхнэртээ найз бүсгүйдээ өгч байгаа харагдана. Хэрвээ энд амьдарч байгаа хүүхнүүд өдөр бүр авсан цэцгээ фейсбүүктээ оруулаад байвал үнэн баярхсан болох байлгүй. Аавууд хогоо асгаж, хоолоо хийж, хүүхдүүдээ унтуулна. Цэцэрлэг хүрээлэнд аавууд хүүхдээ дугуй унахыг, хөлбөмбөг тоглохыг зааж өгнө. Телевиз үзээд хоол нэхэж хэвтэх аавыг одоохондоо би хараагүй л байна. Тэд өглөө эрт босоод нарийн боовны дэлгүүр орж шинэхэн талх авчирч өглөөний цайгаа бэлдэнэ. Аавууд гэдсэнд байгаа хүүхдээ төрөхөөс өмнө сургууль цэцэрлэгийг нь төлөвлөж өрөөг нь тохижуулж бүгдийг бэлдсэн байна. Тоос соруулах, хувцас угаах ажлыг эрчүүд л хийнэ. Гэхдээ тэд хэзээ ч ажилгүй суухгүй. Бүгд ажиллаж олсон цалингаа эхнэртээ авчирч өгнө. Тэд ажлаасаа орж ирээд л эхнэрээсээ кофе уух уу өдөржин хүүхэд хараад ядарсан уу гэж асууна. Тэд үүнийгээ үүрэг гэж үзнэ. Хэн ч би бусдаас халамжтай гэж онгирохгүй. Үүнийг тэнэглэл гэж ойлгоно. Гэртээ орж ирлээ. Гэрийнхээ асуудлыг л анхаарна. Ажил гэрийнхээ асуудлыг харин ч нэг сайн ялгана. Их сургуулийн эрэгтэй оюутнууд ч бас охидод их хүндэтгэлтэй ханддаг юм. Тиймээс европ эмэгтэйчүүд их зоригтой. Амьдралдаа итгэлтэй байдаг. Тэд 60 гарсан хойноо дахин гэрлэж, 70-тайдаа шинэ найз залуутай болсныгоо ичих зүйл гэж боддоггүй. Харин ч хүүхдүүдийнхээ төрсөн өдрийн баярт урьж танилцуулна. Тэд амьдралаа шинээр эхэлж, эсвэл миний хобби гээд тэрийгээ хөөгөөд явж магадгүй. Тэд гэр бүлтэй боллоо гээд карьераа орхиж эсвэл сурахаа зогсоохгүй. Энэ нь нэг их нөлөөлөхгүй. Харин ч нөхөр нь найз залуу нь ойлгож дэмжинэ.

Энд дэлхийд нэр хүндтэй германы асар том корпорациудыг эмэгтэйчүүд удирддаг. Төрийн удирдах түвшны ажилд эмэгтэйчүүд олон байдгийг харахад нийгэм нь эмэгтэйчүүдийнхээ чадварыг аль хэдийн хүлээн зөвшөөрч ажил амьдрал дээр ч эрх тэгш байж, үүргээ эн тэнцүү хувиарлаж, тэдэнд итгэдэг нь өнгөн дээрээ биш бодитоор мэдэгдэнэ. Энд амьдарч байгаа хүүхнүүдээ хараад би эмэгтэй хүн гоё сайхан амьдралаар амьдарч түүнийг мэдрэх эрхтэй гэж боддог. Хэнд дурлаж дэлхийн аль улсад амьдарч хэнээр өөрийгөө хайрлуулах нь эмэгтэй хүний хувь асуудал.