Монгол Улс дахь Азийн хөгжлийн банкны шинэ суурин төлөөлөгчөөр Шэннон Коулин томилогдож, ажилдаа орсон байна. Тус банкнаас мэдээлснээр, Коулин АХБ-ны Монгол Улс дахь үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр болон 2021-2024 онд АХБ-наас Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн хэрэгжилтийг ханган ажиллах ажээ.

Энэхүү түншлэлийн стратегийн хүрээнд АХБ Монгол Улсыг КОВИД-19 цар тахлын хямралыг даван туулах, цаашлаад хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн бат бөх суурийг тавихад нь дэмжлэг үзүүлэх юм байна.

Коулин “АХБ-ны Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь хүртээмжтэй нийгмийн хөгжил ба эдийн засгийн боломжуудыг дэмжих, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэх, мөн ногоон бөгөөд уур амьсгалд зохицсон тогтвортой хөгжлийг цогцлооход чиглэдэг. Миний бие эдгээр гурван тэргүүлэх чиглэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон бусад хамтрагч түншүүдтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэж хэлжээ.

Тэрбээр эрчим хүч болон олон салбарыг хамарсан уур амьсгалын чиглэлийн төсөл хөтөлбөр, яриа хэлэлцээрийг удирдсан 24 жилийн туршлагатай. Сүүлийн 10 гаруй жил АХБ-нд ажилласан бөгөөд Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газарт 2021 оны 9 дүгээр сараас эхлэн эрчим хүчний салбар хариуцан ажиллаж байжээ.

АНУ-ын иргэн Коулин АНУ-ын Беркелей, Калифорнийн Их Сургуулийн байгаль орчны инженерийн шинжлэх ухааны бакалавр, байгаль орчны эрүүл мэндийн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй. АХБ-нд ажиллаж эхлэхээсээ өмнө АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лабораторид АНУ-Энэтхэг болон Өмнөд Азийн бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг АНУ-ын Засгийн газрын болон олон улсын байгууллагуудын нэрийн өмнөөс удирддаг менежерийн алба хашиж байсан туршлагатай аж.