“Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэн Цюрихт нээлтээ хийлээ

Наймдугаар зууны Карабалгасунаас эхлээд XIII зууны Их Монгол Улсын нийслэл Каракорум, улмаар өнөөгийн Улаанбаатар хүртэлх түүхэн хөгжлийг нэгэн урсгалд холбон харуулсан “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнгийн нээлт аравдугаар сарын 23-нд Швейцарийн Цюрих хотын Рийтберг музейд боллоо.

Нээлтийн үеэр Цюрих хотын захирагч хатагтай Коринне Маух “Монгол орны түүх, соёлын агуу өвийг хамтдаа хүндэтгэн энэ үзэсгэлэнг нээж байгаадаа баяртай байна. Энэ бол Швейцарьт анх удаа зохион байгуулагдаж буй Монголын эзэнт гүрнүүдэд зориулсан томоохон үзэсгэлэн юм” хэмээн онцлов.

Зураг
Тайлбар





Үзэсгэлэнг үзэхээр Цюрихээс гадна Герман, Франц зэрэг орны зочид олноор хүрэлцэн ирсэн бөгөөд тэдэнд хандан Чингис хаан Үндэсний музейн захирал, профессор Сампилдондовын Чулуун “Монголчууд эртнээс өвөрмөц нүүдэлчин соёл, түүхийн бүтээлч өвийг бүтээж, хүн төрөлхтөнд оруулсан хувь нэмрээ дэлхий дахинд зөвөөр таниулах нь бидний үүрэг. Энэ зорилгын хүрээнд Франц, Чех зэрэг оронд амжилттай үзэсгэлэн гаргасны дараа Цюрихт энэхүү шинэ үзэсгэлэнгээ дэлгэж байна. Энэ нь өнгөрсөн, одоо, ирээдүйг холбож, нүүдэлчдийн соёлын үнэ цэнэ, урам зоригийг дэлхий дахинд түгээх зорилготой юм” гэж хэллээ.

Харин Рийтберг музейн захирал Аннетт Бхагвати “Монголын эртний нийслэл хотууд Ази, Европыг холбосон худалдаа, соёлын томоохон зангилаа байсан. Торгоны зам эндээс хянагдаж, дэлхийн түүхэн дэх хамгийн том эзэнт гүрнүүдийн нэгний үндэс тавигдсан. Энэ үзэсгэлэн тэр үеийн баялаг түүх, соёлын харилцааг орчин цагт дахин амилуулж байна” хэмээн тодотгов.

“Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэн ирэх оны хоёрдугаар сарын 22-ныг хүртэл олон нийтэд нээлттэй байх бөгөөд Монголын Хархорум музей болон ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран оролцож байна

Холбоотой сэдвүүд

музей үзэсгэлэн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.