Эх орны хөгжлийг гацааж, хойш татаж буй шалтгааныг тоолж баршгүй нь. Яст мэлхийн хурдаар ч болов хөдөлж байгаа нь их юм гэж болох ч бусад улс орныг харахад үнэхээр харамсмаар. Гадны орнууд иргэн төвтэй бодлого баримталж, иргэддээ ээлтэй, иргэдээ аль болох ая тухтай амьдруулахын чөлөө чармайж байна. Гэтэл хүн ам харьцангуй цөөн, өргөн уудам газар нутагтай, хэмжээлшгүй их баялагтай, мал сүргийн тоо нь хүнээсээ хэд дахин давсан Монгол сайхан оронд иргэд нь ядуу, эрх баригчид нь хахаж цацталаа “идээд” ч ханадаггүй харамсалтай дүр зураг нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хооронд амь бөхтэй оршсоор байна. 

Бидний муу хэлээд байдаг Эрээн бидний мэдэх хуучны Эрээн биш, эрчимтэй хөгжиж, орчин үеийн Эрээн болсон байтал Монгол Улсын 100 жилийн түүхтэй аймгууд л гэхэд 100 жилийн өмнөхөөсөө ч бараг долоон дор байдалтай байгаа нь эмгэнэлтэй юм. 

Намчирхал, улс төржилт, талцал, нутгархал, авлига, хээл хахууль гээд хөгжилд тушаа болж буй хүчин зүйлүүдийг арилгаж чадаагүй цагт бид хөгжлийн тухай яриад ч нэмэргүй. Ирээдүй хойч болсон залуус амьдралын эрхээр эх нутгаа орхиж буй гол шалтгаан үүнд ч бий. 

Монголын хөгжлийг өөд татаад явах олон төсөл, хөтөлбөр шийдлээ хайн гацаж, зарим нь "амь тавьсан". Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станц, V цахилгаан станц, “Хэрлэн говь” төсөл, уран, метро гээд нэрлэж болох юм.

Эгийн голын усан цахилгаан станцын төсөл хэрэгжсэн бол 606 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж, системд нэн шаардлагатай горим тохируулгын үүрэг гүйцэтгэх байв. Түүгээр ч зогсохгүй жилд 50 гаруй сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авдаг байсныг дотоодоосоо хангаж, жил бүр 4.2 сая ам.доллартай тэнцэхүйц татварын орлого бүрдэх зэрэг эдийн засгийн ач холбогдолтой байсныг төслийн багийнхан танилцуулж байлаа. 

Улаанбаатарт нэн шаардлагатай V цахилгаан станц барих төсөл улс төржилтийн улмаас 10 гаруй жилийн хугацаанд гацаж, хөдөлгөөнгүй хэвээр байх жишээтэй. 

Эрүүл мэндийн салбарт ч ялгаагүй улс төржилтөөс болж олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж чадахгүй хэвээр байна. 

Хуучин барилгыг нь нураан засварлаж, шинээр барина гэсэн шалтгааны улмаас олон барилга сууриа тавиад “чимээгүй” болсон. Тэдгээрээс 10 гаруй жил огт хөдөлгөөнгүй “царцсан” Түлэнхийн төв өчигдөр (2023.05.29) ашиглалтад орсонд гүнээ талархъя. 

Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон бусад холбогдох албаныхан оролцож, сүртэйхэн нээснийг шүүмжлэх хүн олон байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харъяа 1957 онд баригдсан Түлэнхийн төвийн барилгыг МХЕГ-ын цаашид ашиглах боломжгүй, ослын байдалд хүрсэн гэсэн дүгнэлтээр 2011 онд акталсан байдаг. Шинэ эмнэлгийн барилгын ажлыг Сүхбаатар дүүргийн XI хороололд Кувейтийн Засгийн газрын найман сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2013 онд эхлүүлж, 2018 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан. Гэвч шинэ барилгын ажил эхэлснээс хойш санхүүгийн асуудал үүсч, ашиглалтад орох хугацаа хойшилсоор өнөөдөртэй золгосон. 

Нийт есөн тасаг, 250 ортой, хоёр блок бүхий долоон давхар тус төв ашиглалтад орсноор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг 25-30 хувиар бууруулж, хүртээмж энэ хэрээр өсөх аж. Түүнчлэн түлэгдэл, хөлдөлт гэх мэт осол гэмтлийн яаралтай тусламж, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг 24 цагаар үзүүлэх нөхцөл бүрдэнэ гэж тооцжээ.

Монгол Улсын хөгжил энэ мэтчилэн 10, 20, 30 жилийн хурдтай байгаа бол бусад орных биднийхээс хэд дахин алсарсаар байна.